Тамхи сурталчлах, ивээн тэтгэхийг хориглосноор тамхидалт эрс буурдгийг тогтоов
Чихэнд чимэгтэй
2025-01-14
Тамхи сурталчлах, ивээн тэтгэхийг хориглосноор хүмүүсийн тамхинд орох магадлалыг 37 хувиар бууруулж, тамхи татдаг хүмүүсийн тамхинаас гарах магадлалыг 20 хувиар нэмэгдүүлж болохыг судалгаагаар тогтоожээ. Австралийн Гриффит их сургуулийн профессор Леопольд Аминдегийн ахалсан баг энэ талаар хийсэн судалгаан дээрээ үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан байна. Дэлхий даяар тамхины хор уршиг буурахгүй байгаа бөгөөд 2022 оны судалгаагаар 1.2 тэрбум хүн тогтмол тамхи татаж, жил бүр 7.7 сая хүн тамхинаас болж нас бардаг гэсэн тооцоо гараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) тамхинаас үүдэлтэй хор хөнөөлийг бууруулахын тулд Тамхины хяналтын суурь конвенцид тамхины хяналтын цогц бодлогыг хэрэгжүүлэх удирдамж гаргаж улс орнуудад хүргүүлсэн хэдий ч 182 улсаас ердөө 17 орон энэ удирдамжийг хэрэгжүүлж байгаа аж. Судалгааны баг 500 мянга орчим эрдэм шинжилгээний бүтээлд дүн шинжилгээ хийснээр тамхи сурталчлах, ивээн тэтгэхийг хориглох нь маш бодитой эерэг үр дүнд хүрч болохыг тогтоосон бөгөөд энэ талаар тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.