images

Хатан хаан II Элизабэтийн уран зургийн даамал Зөвлөлтийн тагнуул байжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-14


   Английн хааны ордны уран зургийн даамлаар олон жил ажилласан урлагийн профессор, хатан хаан II Элизабэтийн дотнын хүн Энтони Блант ЗХУ-ын тагнуул байсан тухай баримтыг Их Британийн сөрөх тагнуулын алба MI5 өнөөдөр албан ёсоор ил болголоо. Уг баримтаар бол Э.Блант Дэлхийн II дайны үед MI5-д чухал албан тушаал хашиж байхдаа ЗХУ-ын КГБ-д нууц мэдээлэл дамжуулдаг байжээ. Э.Блант бол Кэмбрижийн их сургуулийн оюутнуудаас бүрдсэн тагнуулын бүлгэмийн гишүүн буюу алдарт "Кэмбрижийн тав"-ын нэг бөгөөд тус бүлгэмийнхэн 1930-1950-иад оны хооронд тасралтгүй 20-иод жил Английн цэрэг тагнуулын нууц мэдээллийг ЗХУ-д дамжуулсан байдаг. Харин Э.Блант тагнуул хийж байснаа 1964 онд өөрийн санаачилгаар, тодорхой болзолтойгоор хүлээсэн боловч англичууд түүнийг тагнуул байсан гэж албан ёсоор зарлалгүй олон жил болсон юм. 1972 онд хатан хааны хувийн нарийн бичгийн дарга Мартин Чартериз Их Британийн тагнуулын албаны удирдлагад хандан “Э.Блантын хэн байсныг хатан хаан мэдэхгүй. Тэр талаар түүнд хэлсний сайн гэж ч байхгүй, харин ч санааг нь чилээж мэднэ” гэсэн аж. Иймд тус улсын Засгийн газар 1973 онд Э.Блантыг өвчтэй байхад хатан хаанд үнэнийг хэлэхэд маш тайван хүлээж авсан гэнэ. Э.Блантын тагнуул байсны нотолгоог 1979 онд ерөнхий сайд Маргарэт Тэтчер парламентад анх танилцуулсан түүхтэй. Улмаар түүний "Хүлэг баатар" цолыг хураасан ч мөрдөн байцаагаагүй, эрүүгийн ямар нэг хариуцлагад татаагүй юм. "Кэмбрижийн тав"-аас Дональд Маклин, Гай Бөржэсс нар илчлэгдмэгцээ 1951 онд, Ким Филби 1963 онд Зөвлөлтөд зугтан гарсан бөгөөд тэндээ нас барцгаасан. Харин Э.Блант 1983 онд 75 насандаа өөд болжээ. Түүний  дүр 2019 онд Их Британид бүтээгдсэн “The Crown” цуврал кинонд гарч, жүжигчин Сэмүэл Үэст тоглож байв. "Кэмбрижийн тав"-ын түүхээс сэдэвлэсэн ”A Spy Among Friends” цуврал киног мөн Англид 2022 онд бүтээжээ. 

   Их Британийн төрийн бусад байгууллагаас ялгаатай нь тагнуулын алба архивынхаа ямар баримтыг хэзээ олон нийтэд ил болгохоо өөрөө шийддэг төдийгүй тодорхой хэмжээнд засварлах эрхтэй байдаг. Өнөөдрийн ил болгосон мэдээллүүд дотор Э.Блантаас гадна Кэмбрижийн бусад тав, тэр дундаа К.Филбитэй холбоотой баримтууд байгаа бөгөөд эдгээрийг удахгүй Их Британийн Үндэсний архивт гарах үзэсгэлэнд дэлгэн олон нийтийн хүртээл болгох юм. Баримтуудыг ил болгосонтой холбогдуулан MI5-ын захирал Кэн МакКаллум өнөөдөр хэлэхдээ "Бидний ажил хэргийн дийлэнх нь нууц байх ёстой хэдий боловч бололцооны хэрээр ил тод байх хүчин чармайлтыг маань удахгүй гарах үзэсгэлэн харуулах болно" гэжээ. 

Нүүр зураг дээр: Хатан хаан II Элизабэт, Хааны ордны уран зургийн даамал Э.Блант нар Лондоны их сургуулийн Кортөүлд урлагийн хүрээлэнд, 1979.11.05.

Гэрэл зургийн эх сурвалж:  PA/AP      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.