Хятадын тэрбумтан Цагаан сарыг угтан төрөлх тосгондоо 30 сая юанийн бэлэг тараажээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-15
Хятадын цахим худалдааны “JD.com” компанийг үүсгэн байгуулагч, 50 настай Лю Цяндун жил бүрийн Цагаан сарын өмнө өөрийн төрсөн нутаг Жянсу мужийн Сучян хотын Гуанмин тосгонд зочилж, нутгийн хүмүүстээ бэлэн мөнгө, хоол хүнс, хувцас хунар, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бэлэг тараадаг болсон тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн 8-ны өдөр нутагтаа очиж 60-аас дээш насны иргэн бүрт 10 мянган юань бэлнээр тараасан байна. Түүнчлэн 1500 айлтай тосгонд цахилгаан машин, хөргөгч, сахлын машин, хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 50 гаруй нэр төрлийн бэлэгтэй иржээ. Тосгоны иргэн Ши овогт хэлэхдээ “60 гаруй настай аав, ээж хоёр маань өнгөрсөн жил өдөн хүрэм, хоол хүнс бэлгэнд авсан бол энэ жил 20 мянган юань авлаа. Ноён Люд маш их талархаж байна” гэжээ. Лю овогт мөн өөрт нь хичээл зааж байсан бага сургуулийн багш нарт тус бүр 100 мянган юань бэлэглэх ажээ. Тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргын хэлснээр энэ жил түүний тараасан бэлгийн нийт үнэ 30 сая юань болжээ. Лю Цяндун бага насандаа туйлын ядуу, өдөрт амтат төмс, эрдэнэшиш төдийхнөөр гол зогоодог байжээ. Амьдрал нь хүнд байсан ч хичээлээ орхилгүй мэрийн суралцсаар Бээжингийн их сургуульд элсэн орсон ч сургалтын төлбөрөө төлж чадаагүй байна. Үүнийг мэдсэн тосгоныхон хандив цуглуулж хүүд 500 юань бэлнээр, мөн 76 ширхэг өндөг хандивлаж байжээ. Нутгийнхныхаа энэ өгөөмөр тусыг марталгүй явсаар Лю овогт амжилтад хүрсэн хойноо буюу 2016 оноос эхлэн буян хийж, төрөлх тосгоныхоо ард иргэдэд зүйл бүрээр туслах болсон аж. Улмаар “Би өгөөмөр сэтгэлт нутгийн олныхоо ачаар өдий зэрэгт хүрсэн” гэж байнга хэлдэг аж. 70 гаруй насны нэгэн эр "Лю бидэнд туслах үүрэггүй. Гэхдээ тууштай хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө төрөлх тосгондоо томоохон хувь нэмэр оруулж байгаад бид үргэлж талархдаг” гэсэн байна. “Форбс” сэтгүүлийн хятад хувилбар болох “Hurun Research Institute”-ийн мэдээлснээр Лю Цяндунгийн нийт хөрөнгө 2024 оны байдлаар 49.5 тэрбум юань хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.