АНУ: “Starbucks” кофе худалдан аваагүй хүмүүст үйлчлэхгүй
Анд нөхдийн мэдээ
2025-01-15
АНУ-ын “Starbucks” компани үйлчлүүлэгчид бүтээгдэхүүн худалдан авсан эсэхээс үл хамааран орж ирсэн хүн бүхэнд нээлттэй байдаг журмаа цуцлахаар болсон байна. “Wall Street Journal” сэтгүүлийн мэдээлснээр тус компани энэ сараас эхлэн үйлчлүүлэгчид болон ажилчдынхаа аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс захиалга өгч бүтээгдэхүүн худалдан аваагүй хүмүүсийг оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ журам 27-ны өдрөөс эхлэн Хойд Америкийн 11 мянга орчим салбарт хэрэгжинэ. Үйлчлүүлэгч ундаа, кофе захиалахгүй бол суудал, бие засах газар, ундны ус ашиглах боломжгүй болно. Өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа авсан тус компанийн гүйцэтгэх захирал Брайан Николь байгууллагадаа шинэлэг арга барил нэвтрүүлж, томоохон хэмжээний өөрчлөлт хийж эхэлсний нэг нь энэ журам юм. 2018-2024 онд АНУ-ын “Chipotle Mexican Grill” сүлжээ рестораны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Николь өнгөрсөн жил “Starbucks”-т уригдаж ажиллах болсон юм. 2018 оноос тус байгууллага бараа бүтээгдэхүүн худалдан авсан эсэхээс үл хамааран нийтэд нээлттэй байх журам гаргасан. Гэтэл кафены ариун цэврийн өрөөнд дараалал үүсч, үйлчлүүлэгчдийн тав тух алдагдах зэрэг бэрхшээл үүсэх болсон тул дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.