images

АНУ: Олимпын медалиуд нь түймэрт үрэгдсэн тамирчинд шинээр медаль олгохоор болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-15


   АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод гарсан түймэрт усан сэлэлтийн алдартай тамирчин асан Гэри Холлийн гэр өртөж, Олимпын бүх медаль нь шатаж үрэгдсэн байна. Тиймээс медалиудыг нь хуулбарлаж дахин олгохоор болсноо Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэв. Эдүгээ 50 настай Г.Холл Олимпоос таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн нэртэй тамирчин юм. Үүнд, 1996 оны Атлантын наадмын 400 метрийн буухиа, 400 метрийн холимог төрөлд алтан медаль, 2000 оны Сиднэйн наадмын 400 метрийн буухиа, 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж байжээ. Мөн 2004 оны Афины наадмаас тэрбээр 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Лос-Анжелесийн ойролцоох Пасифик Палисэйдэд амьдардаг Г.Холл шатсан гэрээсээ тэжээвэр нохой, чихрийн шижингийн эм, өвөөгийнхөө зургаас өөр юм авч гарч чадаагүй аж. Тэрбээр “The Los Angeles Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Хашаан дотор утаа гарахыг хараад сандарч байх тэрүүхэн хооронд л байшинд маань гал авалцсан. Би өмссөн хувцас, өчигдөр худалдаж авсан шүдний сойзтойгоо л үлдлээ. Олимпын медалиудаас эхлээд хувийн эд зүйлс маань бүгд үрэгдсэн” гэжээ. ОУОХ-ноос медалийг нь дахин олгох болсон тухай сонсоод Г.Холл "Медалийг идэхгүй ч надад чин сэтгэлээсээ хандаж тусалсан бүх хүнд талархаж байна" гэсэн бөгөөд тэрбээр танилындаа одоо түр амьдарч байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.