Франц: Хуурамч Брэд Питтэд итгэсэн бүсгүй нөхрөөсөө салж, их хэмжээний мөнгөө залилуулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-15
Франц улсын иргэн, 53 настай Анн хэмээх бүсгүй Холливүүдийн жүжигчин Брэд Питтийн дүрд хувирсан залилагч этгээдэд хууртагдан нөхрөөсөө салж, их хэмжээний мөнгөө алдсан байна. “Le Figaro” сонины мэдээлснээр тэрбээр анх 2023 онд “Instagram” хуудастай болж, өвлийн амралтаараа авахуулсан зургуудаа нийтлэхэд Брэд Питтийн ээжийн нэр болох Жэйн Этта Питт нэртэй хаяг түүнийг дагажээ. Улмаар өөрийгөө Брэд Питт хэмээн танилцуулж мессэж бичин харилцах болсон төдийгүй дизайнер мэргэжилтэй Анн бүсгүйн бүтээлүүдийг сонирхож, хайрын шүлэг илгээх болов. Энэ явдалд сэтгэл татагдан хуурамч Б.Питтэд дурласан Анн яван явсаар түүнтэй амьдрахаар болж нөхрөөсөө салжээ. Баян нөхрөөсөө салж 775 мянган евро өвлөж авсан тухайгаа Анн ний нуугүй ярьсан бөгөөд нэг удаа хуурамч Б.Питт эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болсон хэмээн түүнээс мөнгө зээлжээ. Энэ мэтээр түүнд алдсан мөнгөний тоо 830 мянган евро болсон гэнэ. Хэдэн сарын турш ийм харилцаатай явсан Анн жинхэнэ Б.Питт найз бүсгүй Инэс дэ Рамонтойгоо амьдарч байгааг хэвлэлээс уншаад, хууртсанаа сая мэдсэн байна. Энэ явдалд гутарч хүнд цохилтод орсон Анн амиа хорлохыг гурван удаа завдаж, улмаар сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаад мэдэгдсэнээр залилагч этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Ийм явдал зөвхөн франц бүсгүйд тохиолдсонгүй. Өнгөрсөн есдүгээр сард мөн Брэд Питтийн дүрд хувирсан этгээд Испанийн иргэн хоёр эмэгтэйгээс 325 мянган евро залилсан хэргийг цагдаа нар мөрдөж таван хүнийг баривчлаад байна. Тэд дунд насны, сэтгэл санаа тогтворгүй, хайр энхрийлэл дутсан эмэгтэйчүүдийг онилдог байсан нь тогтоогджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.