images

БНСУ: Ерөнхийлөгч Юн Сок Ёль баривчлагдахынхаа өмнө юу гэж хэлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-15


   Өнөө өглөө 10:30 цагийн үед БНСУ-ын прокурор ерөнхийлөгч Юн Сок Ёлийг баривчлан шалгаж эхэллээ. Прокурорын зүгээс түүнийг Үндсэн хууль зөрчиж хууль бусаар онц байдал зарласан, цагдаа, цэргийн хүчнийг дайчлан Үндэсний ассамблейн чуулганыг хууль бусаар тасалдуулж төрийн үйл ажиллагаанд саад учруулсан, эрх баригч болон сөрөг хүчний намын удирдлагуудыг үндэслэлгүйгээр, хууль бусаар баривчлахыг завдсан хэрэгт буруутгаж байна. Баривчлагдахынхаа өмнө Юн Сок Ёль ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрхүү үгийг сийрүүлбэл: 

"Сайн байцгаана уу, миний ард түмэн?

Та бүхэн амгалан сайн сууцгааж байна уу?

Өнөөг хүртэл намайг дэмжиж ирсэн ард түмэн та бүхэндээ баярлалаа. Харамсалтай нь, манай улсын хуулийн тогтолцоо нуран унажээ. Мөрдөн шалгах эрхгүй байгууллага зарлан дуудах бичиг илгээж, зарлан дуудах эрхгүй хуулийн байгууллага баривчлах, нэгжих үйлдэл хийж байгаа энэ хууль бус үйлдлийг хараад үнэхээр харамсаж байна. Би өөрөө ийм бусармаг үйлдлийн золиос болж болох ч ард түмэн та бүхний эрхэнд ингэж бүдүүлгээр халдахгүй байгаасай гэж хүсч байна. Хуулийн байгууллага ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсанаас болж үймээн самуун үүсч болзошгүй байгаа учраас хэдийгээр хууль бус ч гэсэн энэ шаардлагыг нь миний бие хүлээн авахаар шийдлээ. Гэхдээ энэ нь тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг огт биш юм. БНСУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг эрхэмлэн дээдэлдэг ерөнхийлөгч хүний хувьд энэ бусармаг, хуулийг уландаа гишгэсэн үйлдлээс үүдэн гарч болох аливаа эрсдэлээс сэргийлсэндээ өнөөдөр тэдний шаардлагыг хүлээн авч байгаа юм. Миний ард түмэн та бүхэн, ялангуяа өсвөр насны залуус чөлөөт ардчиллын үнэ цэнийг дээдлэн хамгаалж байгааг хараад, өнөөгийн энэ бусармаг үйлдэл урт наслахгүй, улс орны ирээдүй гэрэлтэнэ гэсэн итгэл надад төрж байна. Ард түмэн та бүхэн минь эрүүл саруул, эрч хүчтэй байгаарай. Баярлалаа".  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.