images

Хятад: 124 настай эмэгтэй урт насалсныхаа нууцыг хуваалцав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   124 насныхаа ойг тэмдэглэсэн Хятадын иргэн эмэгтэй урт насалсныхаа нууцыг юу гэж үздэгээ ярьсныг “South China Morning Post” өнгөрсөн баасан гарагийн дугаартаа нийтэлжээ. Манж Чин улсын Бадаргуулт төрийн үе буюу 1901 онд мэндэлсэн Цю Чайши өнгөрөгч нэгдүгээр сарын нэгэнд 124 нас хүрч Сычуань мужийн Нанчун хотын хамгийн өндөр настай хүний нэг болсон юм. Зургаа дахь үеэ үзээд байгаа түүний ач охин 60 нас гараад байгаа бол ач, зээ нараас хамгийн бага нь найман сартай ажээ. Цю овогт өдөрт яг тогтсон цагтаа гурван удаа хооллодог, хоолны дараа заавал гадуур алхдаг, оройн найман цагаас хэтрэхгүй унтдаг гэнэ. Хэдий өндөр настай ч тэрбээр үсээ өөрөө самнадаг, гал түлдэг, галуу хооллодог, байшингийн шатаар өөрөө гардаг байна. Мөн гахайн өөхтэй амтат гуа, хулуу, эрдэнэшишийн зутан идэх дуртай аж. Гахайн өөхөнд юу юунаас илүү дуртай боловч одоо эмчийн зөвлөснөөр өдөртөө маш багаар идэж байгаа гэнэ.

   Багадаа тэрбээр ядуу зүдүү амьдрал туулсан бөгөөд Чин улсын үед хүн өлсөж үхэх нь түгээмэл, өлбөрч үхэхгүйн тулд хүмүүс ууланд гарч өвс ногоо түүж идэж байсан талаар тэрбээр “South China Morning Post” сонины сурвалжлагчид ярьжээ. Хүнтэй гэрлэхээсээ өмнө тэрбээр тоо сайн боддог, бие бялдар сайтай гэгдэж тосгоныхоо аль хүнд хүчир ажлыг хийн олны хүндлэлийг хүлээсэн боловч 40 нас дөнгөж гараад байхдаа нөхрөө алдаж дөрвөн хүүхэдтэйгээ үлдсэн байна. Хөрөнгө чинээ муу тул олдсон ажлыг гололгүй хийж цаг наргүй хөдөлмөрлөн дөрвөн хүүхдээ тэжээжээ. Тэгтэл 70 насанд нь хүү нь нас барж, бэр нь хүнтэй сууж одоход тэрбээр ач охинтойгоо үлджээ. Ач охин нь эмээ дээрээ өсч хүнтэй гэрлэсэн боловч мөн л нөхрөө өвчнөөр алдав. Энэ бүх сорилтыг Цю овогт нэгд нэггүй туулан гарч одоо ач, зээ нараа тойруулан Нанчун хот дахь гурван өрөө байрандаа энх тунх аж төрж байна. 100 нас хүрээд түүний нүд, чих бага зэрэг муудсан ч өнөөдөр хараа, сонсгол нь тэгтлээ буураагүй байна. “Эрлэг номун хаан ах дүүг маань авлаа, нөхрийг маань авлаа, хүүг маань авлаа. Намайг бол чадахгүй юм шиг байна” хэмээн тэрбээр хошигножээ. “Тайван бөгөөд өөдрөг сэтгэл эмээгийн урт насалж буйн нууц гарцаагүй мөн” хэмээн түүний үр хүүхдүүд нэгэн дуугаар баталсан талаар “South China Morning Post” сонин бичжээ.

   Цю овогтын төрсөн он сар тус улсын хүн амын бүртгэлээр баталгааждаг хэдий ч хилийн чанадад түүний нас үнэн бодитой болохыг одоогоор хүлээн зөвшөөрөөгүй байна. Хятадын хүн амын бүртгэлээр бол тэрбээр Нанчун хотын нас 100 давсан 960 хүний нэг юм. 2020 оны хүн амын тооллогоор Хятадад 100 гаруй настай 119 мянган хүн байсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм. 2023 оны байдлаар Хятадын иргэдийн дундаж наслалт 78.6 байна. Харин Хонконгийн хувьд энэ үзүүлэлт 2024 оны байдлаар 85.63 байгаа юм. Өнөөдөр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хамгийн өндөр настай хүн бол Францын иргэн Жанн Кальман (Jeanne Calment) хэмээх эмэгтэй бөгөөд албан ёсны бүртгэлээр 1902 онд төржээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.