Тайвань: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний гэрэл зургийг гудамжинд байршуулна
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
Тайванийн нийслэл Тайбэй хотын захиргаа согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн гурваас дээш удаа шалгуулахаас татгалзсан этгээдийн жолооны үнэмлэхийн гэрэл зургийг долоо дахин томруулж, ус нэвтэрдэггүй нийлэг эдээр бүрэн гудамжны самбарт байршуулахаар болсон байна. Ингэхдээ уг этгээдийн овог нэр, хэрэг үйлдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хамт байршуулна. Энэ нь хүний нэр төрд халдсан хэрэг биш, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэргийг бууруулж, үүнтэй холбоотой осол аваараас урьчилан сэргийлэх зорилготой гэж хотын захиргаа тайлбарласан байна. Хотын иргэдийн хурлын гишүүд ч энэ шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тус улсын Засгийн газар 2022 онд энэ төрлийн хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн нүүр царай, хувийн мэдээллийг ил болгон нийтэд мэдээлэх тухай хууль баталж хэрэгжүүлсэн юм. Хууль нь 10 жилийн дотор хоёроос дээш удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хүний нүүр царай, овог нэр, зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хоёр жилийн хугацаатай хураан авах заалттай байв. Энэ заалт одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.