images

Хятадын Засгийн газар Сар шинийн баярыг цомхон, хэмнэлттэй тэмдэглэхийг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   Хятадын орон нутгийн засаг захиргаа Сар шинийн баяраар айл өрхийн зарцуулах мөнгөний хэмжээнд хязгаар тогтоож, энэ баярыг цомхон, арвич хямгач тэмдэглэхийг ард иргэддээ уриалав. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, ажлын байр хомсдож, эдийн засгийн хэтийн төлөв сайнгүй байгаа энэ цаг үед төр засгаас ийнхүү уриалга гарган "бүсээ чангалах" кампанит ажил өрнүүлж байгаа тухай Хонконгийн “Ming Pao” сонин мэдээлсэн байна. Тус сонины мэдээлснээр, Хятадын орон нутгийн засаг захиргаа “Арвич хямгач уламжлалыг хадгалан үлдэх" гэсэн уриа бүхий Сар шинийн баярын удирдамж гаргаж, баярын золголтын мөнгөний дээд хэмжээг 20 юань байх, том хэмжээний цайллага зохион байгуулахаас аль болох зайлсхийхийг уриалсан байна. Тухайлбал Гуанши мужийн Байсе хотын Суртал ухуулгын хэлтсээс Сар шинээр ахмад настантай золгох мөнгөний хэмжээг 20 юаниас бага байхаар заажээ. Мөн Сычуань мужийн Гулин хошуу хурим, оршуулгын ёслолоос бусад тохиолдолд цайллага, хүлээн авалт хийхгүй байх зааварчилгаа гаргасан байна. Улмаар баяр ёслолыг арвич хямгач тэмдэглэх нь амьдралын чанарыг бууруулдаггүй, харин ч амралтаа аз жаргалтай өнгөрүүлэх үндэс болдгийг сануулжээ. Гэвч зарим хүн энэ уриалгыг хувь хүний эрхэнд халдсан явдал гэж шүүмжилж байна. Тухайлбал Жэньминь их сургуулийн социологийн тэнхимийн профессор Чен Набо "Олон жилийн турш бүрэлдэн тогтсон уламжлалт ёс заншлыг зүгээр удирдамж, уриалгаар хязгаарлах нь зохимжгүй" гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.