Турк: Золбин нохой өвдсөн гөлгөө амандаа зуун эмнэлэгт иржээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
Туркийн Истанбул хотын амьтны эмнэлэгт нялх гөлгөө амандаа зуусан золбин нохой зорьж ирсэн нь эмнэлгийн хяналтын камерт бичигджээ. AP агентлагийн мэдээлснээр, бороонд шалба норсон нохой гөлгөө амандаа зуун эмнэлгийн үүдэнд ирээд, орох хаалганы өмнө газар тавьсан байна. Үүнийг харсан малын эмч нохойг эмнэлэгтээ оруулж гөлгийг үзвэл биеийн дулаанаа алдсан, дөнгөж амьсгаатай байжээ. Үзлэг хийж байх хооронд эх нохой ихэд түгшингүй байдлаар эмчийг тойрон холхиж байсан байна. Зүрх нь дөнгөж цохилж байсан бяцхан гөлгийг эмч даруй эрчимт эмчилгээнд оруулжээ. Энэ нохой эмнэлгийн ойролцоо үүрлэж хэдэн гөлөг төрүүлсэн ч ганцаас бусад нь үхсэн байна. Малын эмч эх нохойн энэ ухаалаг үйлдэлд ихэд гайхсан бөгөөд "Нутгийн иргэд манай эмнэлэгт өвчтэй нохой, гөлөг авчирдгийг энэ нохой харсан учраас аврал энд бий гэж бодсон байх" гэжээ. Эрчимт эмчилгээнд орсон гөлөгний бие хурдан сайжирч одоо энгийн асаргаанд орсон байна. Харин эх нохойн сүү татарсан тул эмнэлэг нэмэлт тэжээл өгч байна. Бүрэн эдгэрсний дараа эх үр хоёрыг асарч хамгаалах сайн эзэн олж өгнө гэж эмнэлгийн удирдлага хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.