images

Дэлхийн тэргүүн баячууд Д.Трампын гэрт

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-01-20


   Дональд Трампыг ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш Флорида мужийн Палм Бийч дэх түүний эдлэн газарт дэлхийн хамгийн баян арван хүний зургаа нь очсон хэмээн “Bloomberg” агентлаг өчигдөр мэдээллээ. Тэд бол “Meta” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (хөрөнгийн хэмжээ нь 217 тэрбум доллар), “Alphabet Inc.” компанийн Сергей Брин (163 тэрбум), “Amazon”-ы Жэфф Безос (245 тэрбум), “Microsoft”-ын Билл Гэйтс (162 тэрбум), “Tesla”, “SpaceX”-ийг үүсгэн байгуулсан Илон Маск (449 тэрбум) болон “Oracle” корпорацийн Ларри Эллисон (204,6 тэрбум) нар ажээ. Мөн “Bloomberg”-ийн мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд Палм Бийчийн олон улсын онгоцны буудалд “Uber” компанийн Трэвис Каланик (3,6 тэрбум), биткойны дэлхийн анхны тэрбумтан Кэмерон болон Тайлер Уинклвосс нар (тус бүр 2.7 тэрбум), дэлхийн хамгийн баян эмэгтэй бөгөөд Австралийн хамгийн баян хүн, уул уурхайн “Hancock Prospecting” компанийн эзэн Жина Райнхарт (30 тэрбум), “Los Angeles Times” сонины эзэн Патрик Сун-Шёнг (6.2 тэрбум),  санхүүгийн үйлчилгээний “Cantor Fitzgerald” компанийн захирал Ховард Лутник, рестораны бизнес эрхэлдэг Тильман Фертитта нар бууж, шинэ ерөнхийлөгчийнд зочилсон байна. Тэдний зарим нь, тухайлбал Илон Маск шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаанд албан тушаал хэдийнэ авсан бөгөөд бусад нь ч түүнд тал олохыг оролдож байгаа аж. “Landy's Restaurants” компанийн захирал, буяны үйлсэд ихээхэн хөрөнгө зарцуулдгаараа алдартай тэрбумтан Т.Фертиттаг гэхэд л Итали улсад суух Элчин сайдаар томилохоо Д.Трамп 12 дугаар сард амласан юм.   

   Өнөөдөр болох АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Европын олон орны барууны үзэлт удирдагч уригдсаны дотор Их Британийн “Reform UK” намын дарга Найжел Фараж, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Польшийн ерөнхий сайд асан Матеуш Моравецки нар байна. Д.Трамп мөн Хятадын дарга Ши Жиньпин, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг тангараг өргөх ёслолдоо урьжээ. Арга хэмжээний зохион байгуулалтад ойр албан тушаалтан “Bloomberg”-т ярьсныг үзвэл, ёслолд Илон Маск, Жэфф Безос, Марк Цукерберг нар оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.