ХАМАС бүлэглэлийн барьцаанаас гурван эмэгтэй суллагдав
Анд нөхдийн мэдээ
2025-01-20
Израиль, ХАМАС бүлэглэлийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шат 19-ний өглөө хэрэгжиж эхэлснээр Израилийн гурван иргэн барьцаанаас суллагдав. AFP агентлагийн мэдээлснээр ХАМАС-ын өнөөдөр суллана гэж мэдэгдсэн гурван иргэн 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр барьцаалагдсан 20-30 насны эмэгтэйчүүд бөгөөд тэдний талаарх мэдээллийг нийтэд ил болгосон байна. Үүнд, 24 настай Роми Гонен нь Новагийн хөгжмийн наадмаас хулгайлагдсан. Бүжигчин, бүжиг дэглээч мэргэжилтэй тэрбээр халдлагын үеэр найзуудтайгаа машинд суун зугтаж яваад баригджээ. Харин 28 настай Эмили Дамари Палестины хилээс 2 км-ийн зайд орших гэрээсээ хулгайлагдсан байна. Тэрбээр израиль эцэг, англи эхтэй, давхар иргэншилтэй, Англид өссөн бөгөөд Английн хөлбөмбөгийн "Tottenham Hotspur" багийн шүтэн бишрэгч гэж AFP мэдээлэв. Мал эмнэлгийн сувилагч, 31 настай Дорон Штайнбрехерийг мөн гэрээс нь хулгайлжээ. Израиль, Румын улсын давхар иргэншилтэй тэрбээр ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан даруйдаа эцэг эх, танилууддаа утсаар мэдэгдэж амжсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард ХАМАС түүний дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэж байсан юм. “Times of Israel” сонины мэдээлснээр, Израилийн тусгай хүчнийхэн өнөөдөр 16 цагт Газын зурвас дахь Улаан загалмайн нийгэмлэгээс эдгээр гурван хүнийг хүлээж авна. Дараа нь хилийн бүсийн цэргийн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт оруулаад гэр бүлд нь хүлээлгэн өгөх ажээ. Өнөөдөр суллагдаж буй гурван иргэний хариуд ХАМАС Израилиас 90 палестин хоригдлыг солилцоогоор авах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.