Япон: Өндөр настнууд сайн дураараа шоронд орох болсны шалтгаан юу байв?
Анд нөхдийн мэдээ
2025-01-21
Японд шоронд ял эдэлж буй өндөр настнуудын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн тухай CNN мэдээлэв. Учир нь тус улсад ганцаардал, санхүүгийн хямрал, эрүүл мэнд муудах зэрэг бэрхшээлээс ангижрах зорилгоор сайн дураараа шоронд орох өндөр настнуудын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн оны есдүгээр сард Точиги мужийн эмэгтэйчүүдийн хорих ангид ирсэн 81 настай Акио хэмээх эмэгтэй хүнсний дэлгүүрээс бараа хулгайлаад шүүхээс ял сонссон байна. Тэрбээр хорих ангийн тухайд “Эндхийн хүмүүс эелдэг сайхан харилцаатай. Элдэв зүйлд сэтгэл санаагаа чилээхгүй амар байна” гэжээ. Акио 60 настайдаа мөн төстэй хэргээр ял эдэлж байсан бөгөөд хоёр дахь удаагаа хэрэг үйлдсэн тухайдаа "Санхүүгийн боломжтой, амьдралын элдэв зүйлд санаа зовдоггүй байсан бол би яалаа гэж шорон руу тэмүүлэх билээ” гэжээ. Японы Засгийн газрын статистик мэдээгээр 2023 оны байдлаар өндөр настай эмэгтэй хоригдлуудын 80 гаруй хувь нь хулгайн хэргээр ял эдэлж байна. Өндөр настнуудын ганцаардал, сэтгэл санааны хямрал ноцтой түвшинд хүрсэн тул тэд сайн дураараа хөнгөн хэрэг үйлдэж шоронд ороод, болж өгвөл тэндээ удаан суухыг чухалчилдаг болжээ. Хорих ангид хоригдлууд тогтмол хооллож, үнэ төлбөргүй эмчилгээ, тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ үеийнхэнтэйгээ нөхөрлөх бололцоо олддогийг өндөр настнууд давуу тал гэж үздэг байна. Тиймээс хорих анги нь гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн шорон гэхээсээ илүүтэй асрамжийн газар мэт болсныг тус агентлаг тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.