69 жил хувьцаа арилжсан "Японы Уоррен Баффэт"-ийн түүх
Анд нөхдийн мэдээ
2025-01-21
1995 оны нэгдүгээр сарын 17-нд болсон Ханшины их газар хөдлөлтийн 30 жилийн ойг тохиолдуулан, гамшгийн улмаас амь хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Японд өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээнд эзэн хаан Нарүхито оролцсон юм. Тэгвэл гамшгаас амьд үлдсэн хүмүүсийн нэг, өдгөө 88 настай бизнесмэн Фүжимото Шигэрүгийн түүхийг "Mainichi" сонин нийтэлжээ. Хоёр тэрбум иен буюу 12.84 сая долларын хөрөнгөтэй Ф.Шигэрүг япончууд “Японы Уоррен Баффэт” гэж нэрлэдэг. Тэрбээр 69 жил хувьцаа арилжиж олсон мөнгөөрөө бизнест хөрөнгө оруулж хөлжсөн бөгөөд “Би үхэх хүртлээ хувьцаа арилжина” хэмээн "Mainichi" сонинд ярьжээ. Ф.Шигэрүг 19 настай, ахлах сургуулийн төгсөгч, гэрийн тэжээвэр амьтны дэлгүүрийн ажилтан байхад үнэт цаасны компани удирддаг үйлчлүүлэгч нь хувьцаа арилжих зөвлөгөө өгснөөр энэ салбарт хөл тавьсан аж. Японы эдийн засаг өсөн нэмэгдэж байсан 1980-аад онд түүний хөрөнгө нэг тэрбум иенд хүрсэн ч 1990-ээд оны эхэн үеийн хямралаар 200 сая иен болж буурч байв. Энэ явдлыг тэрбээр “Энэ бол амьдрал” хэмээжээ.
Маажаан тоглох дуртай тэр 1995 оны нэгдүгээр сарын 17-нд шөнөжин тоглоод гэртээ дөнгөж харьтал үүрийн 05:46 цагт газар хөдөлжээ. Байшингийнх нь нэг давхар цөмөрсөн даруйд эхнэрийнхээ хамтаар нарийн завсраар мөлхөн тагт руугаа гарч амь аврагдсан байна. Тагтны цонхны хагархай шилэнд хөлөө зүссэн ч эсэн мэнд гэрээсээ гарч ирж чадсан бөгөөд хөрш нь хос углааш өгч тусалсан гэнэ. Түүний хөршүүд бүгд гамшигт өртөж 50 хүн нас баржээ. Эхнэртэйгээ бага сургуулийн хоргодох байр руу нүүсэн Ф.Шигэрү нэг өдөр маажааны газарт цагийн ажил хийдэг залуутай таарснаар гэрт нь нэг хэсэг амьдарсан байна. Ф.Шигэрүгийн гэр балгас болж, эд хогшлоос нь зөвхөн сэрүүлэгтэй цаг л бүтэн үлджээ. Гэвч 19 настайгаасаа хойш хөтөлсөн арилжааны тэмдэглэлтэй дэвтэрүүд нь алга болсонд юу юунаас илүү харамссан гэнэ.
Энэ явдлаас хойш арилжаа хийх сонирхолгүй болсон ч 2002 онд компьютер худалдаж аваад цахим арилжаанд хөл тавьсан бөгөөд шөнө бүр хоёр цагт АНУ, өглөө есөн цагт Японы хөрөнгийн зах зээл дээр тогтмол арилжаа хийдэг болсон нь өнөөдөр ч хэвээр аж. Ф.Шигэрү гурван компьютер дээр нэгэн зэрэг сууж арилжаанд оролцдог. Ингээд өдрийн 15:30 цагт ханш хаагдахад тухайн өдрийн арилжаагаа тэмдэглэлийн дэвтэртээ бичээд орой 20 цагт унтдаг гэнэ. Гэхдээ түүний арилжаа хийх зорилго нь хөрөнгөжих, баяжих материаллаг хүсэл биш ажээ. 15 жилийн турш нэг л малгайгаа сэлбэн өмсөж, газар хөдлөлтөөс үлдсэн сэрүүлэгтэй цагаа ашигласаар байгаа түүний хувьд гар утас, машингүй, тийм юм хэрэглэх шаардлага ч байхгүй гэжээ. Түүний хийдэг арилжаа, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл 2023 онд видео стриймингийн сайтуудад тавигдсан нь олон мянган хүнд хүрчээ. Тэр жилээ “87 настай арилжаачин Шигэрүгийн сургаал” номоо хэвлүүлсэн нь 120 мянган хувь борлуулагдаж хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлснээр Ф.Шигэрү “Японы Уоррен Баффэт” гэгддэг болжээ.
Эх сурвалж: "Mainichi" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.