images

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-21


      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн дэргэдэх Арьс ширний төв лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчиллээ. Дэлхийн банкны санхүүжилтээр 76 нэр төрлийн 83 ширхэг орчин үеийн тоног төхөөрөмжийг лабораторид суурилуулж, шаардлагатай химийн бодисоор хангажээ. Өмнө нь зөвхөн 12 нэр төрлийн бүтээгдэхүүнд 22 үзүүлэлтийн шинжилгээ хийдэг байсан уг лаборатори одоо 16 нэр төрлийн бүтээгдэхүүнд 60 гаруй үзүүлэлтийн шинжилгээ хийх хүчин чадалтай болж байна. Мөн цаашдаа импортод гаргах бүтээгдэхүүнд хориотой химийн бодисын агуулагдсан эсэхийг шинжилж, шаардлага хангахгүй бүтээгдэхүүнд хяналт тавих үүрэг гүйцэтгэх ажээ. Арьс ширний төв лабораторийг шинэчлэхдээ химийн шинжилгээний, химийн дээж бэлтгэлийн, физик механикийн, байгаль орчны, бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтын гэсэн таван чиглэлтэй болгож өргөтгөсөн байна. Лаборатори нь малын арьс ширийг боловсруулахад эдэлгээнийх нь шинж чанарыг тодорхойлох үүрэгтэй бөгөөд анх байгуулагдсанаас хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй учраас олон улсын түвшний шинжилгээ, судалгаа хийх нөхцөл боломж тааруу байжээ. Дашрамд дурдахад, манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолуур бэлтгэх нөөцтэй боловч үүний 70 хувийг нь, 18 сая ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж байна. Тухайлбал, 2023 онд 10 сая ширхэг арьс, ширийг боловсруулж чадалгүй хаяжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.