Дональд Трамп Цагаан ордон дахь албан тасалгаагаа хэрхэн өөрчлөв?
Анд нөхдийн мэдээ
2025-01-21
Цагаан ордон дахь АНУ-ын ерөнхийлөгчийн албан тасалгаа болох Зууван танхим нь ерөнхийлөгч чухал мэдэгдэл хийж, хуулийн төсөлд гарын үсэг зурж, гадаадын удирдагчидтай уулздаг бэлгэдлийн орон зай юм. 1880 онд Английн хатан хаан Викториагийн бэлэглэсэн "Resolute Desk" нэртэй ширээ мөн энд байдаг. Ерөнхийлөгч зууван танхимыг өөрийн сонирхлоор чимэглэх боломжтой бөгөөд энэ нь түүний хувийн улс төрийн философи, хүсэл сонирхлын илэрхийлэл болдог. “Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр, Д.Трампыг анх удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ширээн дээр нь улаан өнгийн товчлуур байдаг байв. Тэрбээр өдөрт 12 лааз “Diet Coke” уудгаараа нэртэй бөгөөд туслахаараа ундаа авчруулахдаа энэ товчлуурыг дардаг байжээ. Харин Жо Байден албан тушаалаа авсныхаа дараа товчлуурыг зайлуулж, оронд нь шоколадтай жигнэмэг тавьдаг болсон байна. Өчигдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөснөөр улаан товч ширээн дээр эргэн иржээ. Мөн тасалгааны ханан зуухны дэргэд АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Эндрю Жэксоны шинэ хөргийг өлгөсөн байна. "Д.Трамп нь популизмын давалгааг давж засгийн эрхэнд гараад намаа өөрийнхөө хүссэнээр сэргээж чадсан Э.Жэксоныг маш их хүндэтгэдэг" гэж уг сэтгүүлд бичжээ. Шинэ ерөнхийлөгч мөн Их Британийн ерөнхий сайд Уинстон Чөрчиллийн хөшөөг өрөөндөө дахин байрлуулжээ. Зуухны дээр АНУ-ын бэлгэдэлт шувуу болох мөнгөлөг өнгөтэй бүргэд шувууг тавьсан байна. Эдгээр өөрчлөлтийг Д.Трампын тангараг өргөх ёслолын өмнөхөн Жо Байден Цагаан ордноос хараахан яваагүй байхад хийсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.