Хятад: “Хиймэл нар”-ыг 1066 секунд ажиллуулж дэлхийн дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2025-01-21
Хятадын ШУА-ийн Плазмын физикийн хүрээлэнгийн эрдэмтэд Аньхуй мужийн Хэфэй хотод нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Токамак буюу устөрөгчийн 2, 3 изотопыг нэгтгэж гелийн атом үүсгэх замаар өндөр энерги ялгаруулдаг реакторыг дэлхий нийтээрээ “хиймэл нар” гэж нэрлэх болсон юм. Тэгвэл эрдэмтэд өөрсдийн бүтээсэн ийм реакторыг туршсан бөгөөд туршилт 1066 секунд үргэлжилсэн нь цөмийн нэгдлийн эрчим хүчний туршилтын дээд амжилтыг эвджээ. Тэдний 2023 онд хийсэн туршилт 403 секунд үргэлжилж байсан гэнэ. Энэ удаа "хиймэл нар"-ыг 1000 секунд ажиллуулахад л цөмийн нэгдлийн энергийн судалгаанд чухал хувь нэмэр оруулахад хангалттай байв.
Хятад улс 2006 онд Олон улсын халуун цөмийн туршилтын реактор буюу ITER бүтээх байгууллагын долоо дахь гишүүн болж нэгдсэн юм. Улмаар гэрээний дагуу төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны есөн хувийг хариуцахаар болсон байна. Энэ үүргээ гүйцэтгэхээр дээрх реакторыг бүтээсэн нь Хятадын болон олон улсын эрдэмтдэд цөмийн нэгдлийн энергийн туршилт хийх орчин болж чаджээ. Токамакийн туршилтаас гарах үр дүн нь халуун цөмийн туршилтын реактор бүтээхэд чухал ач холбогдолтой. ITER бүтээх гол зорилго нь нарны адил цөмийн нэгдлийн энерги үүсгэж хүн төрөлхтнийг дуусашгүй цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болгох явдал юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.