Их наядын хөрөнгөтэй эхний таван хүн ойрын 10 жилд төрнө
Анд нөхдийн мэдээ
2025-01-22
Их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн анхны таван хүн ойрын 10 жилд төрнө гэсэн судалгааг олон улсын тусламж, хөгжлийн “Oxfam” байгууллага хийсэн байна. Энэ талаарх судалгааны тайлангаа нийтэлснийг нь үзвэл, өнгөрсөн онд дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2023 оныхтой харьцуулахад гурав дахин хурдан өсч, өдөрт ойролцоогоор 5,7 тэрбум доллароор нэмэгдэж байжээ. Өнгөрсөн онд олон улсад 204 тэрбумтан шинээр бий болсон бөгөөд долоо хоног бүр дунджаар дөрвөн тэрбумтан төрж байв. Тэрбумтнуудын нийт хөрөнгө ганцхан жилийн дотор хоёр их наяд доллароор нэмэгдэж, 13 их наяд доллараас 15 их наяд доллар болжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Хэрэв энэ чигээр үргэлжилбэл ойрын 10 жилд дор хаяж таван их наядтан төрөх аж. Тэдгээрээс хөрөнгөө хамгийн түрүүнд ийм хэмжээнд хүргэж чадах хүн нь “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск гэж “Oxfam” үзсэн байна. Түүний одоогийн хөрөнгө ойролцоогоор 430 тэрбум доллар юм. Их Британид төвтэй хөрөнгийн шинжилгээ, маркетингийн “Informa Connect Academy” байгууллага өнгөрсөн онд нийтэлсэн тайландаа И.Маскийг гурван жилийн дараа дэлхийн анхны их наядтан болно гэж байв. Түүний араас энэ таамаглалд “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жэфф Безос, “Facebook” платформыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нар орсон юм.
Нөгөө талаас нь авч үзвэл ядуусын тоо 1990 оноос хойш нэг их өөрчлөгдөөгүй байна. “Oxfam”-ын судалгаагаар дэлхийн нийт хүн амын 44 хувь буюу 3,6 тэрбум хүн өдөрт 6,8 доллароос бага орлоготой амьдарч байгаа аж. Тэрбумтнуудын хуримтлуулсан баялгийн 60 хувь нь өв залгамжлал, авлига, монополь эрх мэдлээс бүрддэг бөгөөд үүний сөрөг тал нь баялгийн тэгш бус байдал улам гүнзгийрч, хяналт тавих боломжгүй хэмжээнд хүрэх явдал юм. Харин баялгийн тэгш бус байдлыг зохицуулснаар ядуурлыг гурав дахин бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.