images

Өмнөд Солонгос: Кинон дээр гардаг их хэмжээний мөнгийг хэрхэн хийдэг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-22


   Өмнөд Солонгосын “Squid Game” кинонд 50 мянган воны дэвсгэртээр багцалсан хэдэн зуун боодол мөнгө гардаг. Үүний нийт дүн нь 45.6 тэрбум вон. Мөн KBS телевизийн "The Iron Family" цуврал кинонд орны матрас доор нуусан олон зуун боодол мөнгө гардгийн нийт дүн нь 10 тэрбум вон юм. Энэ бүхэн бол кино зураг авахад зориулсан хиймэл мөнгө гэдэг нь мэдээж. Тэгвэл ийм мөнгийг хэрхэн бүтээдэг вэ? Өмнөд Солонгосын Төв банкны мэдээлснээр "Squid Game"-д ашигласан мөнгөн тэмдэгт нь нийт дүнгээрээ хамгийн их хэмжээний хиймэл мөнгө бөгөөд үүнд 50 мянгатын нэг сая ширхэг дэвсгэрт ашигласан байна. Банкны ажилтны хэлснээр “Squid Game” кинонд ашигласан мөнгөн дэвсгэртийг тээвэрлэхэд хүндрэлтэй байсан тул зураг авалт дууссаны дараа тусгай мэргэжилтэн студид нь очиж устгал хийсэн байна. Хэдийгээр зориулалтын машинаар устгалд оруулсан ч үүнд хоёр цаг гаруйн хугацаа зарцуулжээ.

   Тус улсад жүжиг, кинонд мөнгөн тэмдэгт ашиглах шаардлагатай бол Төв банканд хандаж мөнгөн тэмдэгт хийх зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад хиймэл мөнгийг ашиглах хугацаа, зорилго, төрөл, тоо хэмжээ, үзүүлэлт, үйлдвэрлэх мөнгөн тэмдэгтийн материал, хэвлэх арга зэргийг тусгасан байх ёстой. Улмаар Төв банк зөвшөөрсний дараа кино баг мөнгөн дэвсгэрт хэвлэх компанийг сонгодог байна. Тэгвэл эдгээр мөнгийг хийхэд хэр их зардал гардаг вэ? KBS телевизийн албаны хүний хэлснээр "The Iron Family" кинонд ашиглах 10 тэрбум воныг үйлдвэрлэхэд зургаан сая вон зарцуулжээ. Эдгээр мөнгийг кино зураг авч дууссаны дараа шууд устгаж, өөр зүйлд ашиглах боломжгүй болгодог гэнэ. Тухайлбал “Squid Game” киноны нэгдүгээр улирлын зураг авалтын дараа бүх мөнгийг устгаж, хоёрдугаар улирлын зураг эхлэхэд шинээр хэвлэжээ. Урьдчилан зөвшөөрөл авахаас эхлээд устгах хүртэл бүх үйл явцыг тодорхой журмаар зохицуулдаг ч зураг авалтын үеэр хиймэл мөнгө үрэгдэх, алдагдах тохиолдол мэр сэр гардаг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.