"Харри Поттер"-ын зохиолч Их Британийн хамгийн том татвар төлөгчийн нэг болов
Анд нөхдийн мэдээ
2025-01-27
"Харри Поттер"-ын зохиолч Ж.К.Роулинг, поп дуучин Эд Ширан нар Их Британийн хамгийн том татвар төлөгч 100 хүний тоонд багтсан тухай “The Times” сонин мэдээлэв. Орлогын албан татвар, үндэсний даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын талаарх нээлттэй мэдээлэлд үндэслэн тус сонин жилд 10 сая паундаас дээш татвар төлдөг иргэдийн жагсаалтыг гаргаснаа ням гарагийн дугаартаа нийтэлжээ. Ж.К.Роулинг 2023 онд шинээр гарсан “Harry Potter and the Cursed Child” жүжгээс олсон орлогыг оруулж тооцоод 47.9 сая паундын татвар төлсөн байна. Энэ нь Үндэсний эрүүл мэндийн албаны 1372 сувилагчийн цалинг нэг жил олгоход хүрэлцэх хэмжээний мөнгө ажээ. 33 настай дуучин Э.Ширан жагсаалтад орсон хүмүүсийн хамгийн залуу нь юм. Тэрбээр нэг жилийн татварт 19.9 сая паунд төлсөн нь шинээр ажилд орсон 629 багшийн цалинг олгоход хүрэлцэх мөнгө ажээ. Мөн “Queen” хамтлаг хамгийн өндөр татвар төлөгчдийн тоонд орсон байна. Алдарт дуучин Фредди Меркьюри өөд болж, басс гитарчин Жон Дикон хамтлагаасаа гарснаас хойш 28 жил өнгөрсөн ч тус хамтлаг "We Will Rock You" мюзикл, "Bohemian Rhapsody" дуу зэрэг олон бүтээлээрээ одоо ч их хэмжээний орлого олсоор байгаа бөгөөд өнгөрсөн жил 11.8 сая паундын татвар төлжээ. Харин Их Британиийн хамгийн том татвар төлөгч иргэнээр 2024 онд 339.5 сая паунд төлсөн бизнесмэн Крис Хонн тодорчээ. Хөрөнгө оруулалт, эрсдлийн сангийн бизнес эрхэлдэг тэрбээр өмнө нь мөн шилдэг хандивлагч, шилдэг татвар төлөгч болж байсан юм. 2023-2024 оны санхүүгийн жилд Их Британид төлсөн нийт татварын 21.6 хувь нь нийгмийн даатгал, 20.2 хувь нь эрүүл мэнд, 11.4 хувь нь тэтгэвэр, 11.1 хувь нь үндэсний бондын хүү, 10.2 хувь нь боловсролд зарцуулагджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.