images

Аушвицийн комендантын сууж байсан байрыг судалгааны төв болгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-27


   Дэлхийн II дайны үед Польшийн нутагт нацистуудын байгуулсан "Аушвиц" бөөнөөр хорих лагерийн хажууд СС-ийн цэргийн өндөр албан тушаалтны амьдарч байсан сууцыг анх удаа олон нийтэд нээлттэй болголоо. 1941-1945 онд нэг сая гаруй еврей хүний амийг хөнөөсөн энэ хорих лагерийн комендантаар 1940-1943 онд оберштурмбаннфюрер Рудольф Хёсс ажиллаж байсан бөгөөд тэрбээр лагерийн дэргэд барьсан гурван давхар сууцанд гэр бүлийнхээ хамт амьдарч байжээ. Өнгөрсөн жил тус барилгыг худалдаж авсан АНУ-д төвтэй хувийн хэвшлийн “Counter-Extremism Project” байгууллага "Аушвиц"-ийг чөлөөлсний 80 жилийн ойгоор буюу өнөөдөр уг барилгыг иргэдэд нээлттэй болгож, цаашид экстремизм, радикализмын судалгааны төв болгон ажиллуулахаар болсон байна. Байрыг цэвэрлэх явцад судалтай усны хувцас, Адольф Гитлерийн дүрс бүхий марк, SS гэсэн тэмдэг бүхий аяга олджээ. Ф.Хёссын гэр бүлийнхэн энд нэлээд элбэг хангалуун аж төрдөг байсан гэх бөгөөд тэдний цэцэрлэгчээр ажиллаж байсан Станислав Дубиэлийн хэлснээр эхнэр нь "Эндээ амьдарсаар үлдсэн насаа дуусгамаар байна” гэж ярьдаг байсан гэнэ. Өнгөрсөн жил "Шилдэг уран сайхны кино" төрөлд "Оскар"-ын шагнал хүртсэн "Zone of Interest" кинонд "Аушвиц" дахь Ф.Хёссын гэр бүлийн амьдралыг дүрсэлсэн юм. Нацистууд тус хорих лагерьт еврейчүүд, цыганууд, Зөвлөлтийн цэргийн олзлогдогсод, ижил хүйстнүүд зэрэг 1.3 сая хүнийг хорьж, 1.1 саяыг нь хөнөөсөн гэж үздэг. Хорих лагерийг гурван жил удирдсан Ф.Хёсс дайны дараа Германд цэцэрлэгчийн дүрд хувиран нуугдаж байгаад 1947 онд баригдаж цаазлуулсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.