Давос: “Space X” компанид ажиллаж буй Б.Болор-Эрдэнэ CNN-д ярилцлага өгчээ
Чихэнд чимэгтэй
2025-01-27
Цахим хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн онд "AI Academy Asia"-г үүсгэн байгуулж, хөдөө орон нутагт хиймэл оюун ухааны хичээл заах 500 сургагч багш бэлтгэж эхэлсэн билээ. Тэгвэл академийн албан ёсны нээлт өнөөдөр болох аж. Давосын форумд оролцохдоо буюу өнгөрсөн долоо хоногт CNN агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр "2021 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн "Охидын код" хөтөлбөрөө улам өргөжүүлж, хиймэл оюуны академи байгуулан ямар ч түвшний мэдлэгтэй хүмүүст хүрч ажиллахаар зорьж байна" гэжээ. Тэрбээр энэ удаагийнхаа төслөөр Кэмбрижийн их сургуультай хамтран боловсруулсан хөтөлбөрийн дагуу туршлагатай, чадварлаг багш нараар хөдөө орон нутгийн иргэдэд хиймэл оюуны сургалт явуулах аж. Б.Болор-Эрдэнийн хэрэгжүүлсэн "Охидын код" хөтөлбөрт хамрагдсан 16-18 насны 120 охин код бичиж сурснаар олонх нь гадаадын их, дээд сургуулиудад технологийн чиглэлээр суралцаж байгаа юм. Тэгвэл академийн үйл ажиллагаа нь илүү олон хүнд, тэр дундаа хөвгүүдэд хүрснээр тэд ажил, хичээлдээ хиймэл оюуныг түлхүү ашиглах боломжтой болно хэмээн Б.Болор-Эрдэнэ CNN-д ярьжээ. Хиймэл оюуны хэрэглээ хөдөөгийн иргэдийн амьдралд нэвтэрснээр малчид ган, зуд зэрэг байгалийн гамшигт бэлтгэлтэй байх, өвс хадлангаа цагт нь авах, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд ашигтайгаар нийлүүлэх зэргээр технологийн давуу талын үр шимийг хүртэнэ гэдгийг тэмдэглэсэн байна. Өдгөө 32 настай Б.Болор-Эрдэнэ Илон Маскийн “Space X” компанид стратеги хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд малчин гэр бүлээс гаралтай, өөрийн эзэмшлийн 300 гаруй хоньтой гэдгээ мөн CNN-д ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.