Архивын ерөнхий газрын барилга, тоног төхөөрөмжийг БНСУ-ын тусламжаар шинэчилжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-27
Архивын ерөнхий газрын барилга, тоног төхөөрөмжийг БНСУ-ын 19 сая ам.долларын тусламжийн хөрөнгөөр шинэчилж дуусчээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан хамтран "Экспорт-Импорт" банкны хөнгөлөлттэй зээлээр уг ажлыг 2022 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хаалт өчигдөр болсон байна. БНСУ-ын тусламжаар Төрийн архивын удирдлагын систем, Архив, албан хэрэг хөтлөлтийн систем, “Портал” системийг шинээр хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлж, 34 нэр төрлийн 84 ширхэг сервер, тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Түүнчлэн архивын баримтыг хадгалахдаа төрөл тус бүрээр хэм, чийгшлийг стандартын дагуу тохируулах агааржуулалтын систем, гал унтраахад хамгийн бага хохирол учруулдаг хийн унтраагуур, хосгүй үнэт болон энгийн архивын хадгаламжийн сан тус бүрд зөвшөөрөгдөх танилт, нэвтрэлтийн систем, хөдөлгөөн мэдэрч зураг, бичлэг хийдэг 270 хяналтын камертай болсон байна. Мөн цахилгааны дэд станц байгуулж төвийн шугамтай холбон, газар доорх давхарт гал, цахилгааны узелийн өрөө шинээр гаргажээ. Төслийн бас нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь Архивын ерөнхий газрын болон төрийн 37 байгууллагын архивын 150 ажилтныг гадаад, дотоодын сургалтад хамруулсан явдал болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.