Япон: 2011 оны их газар хөдлөлтийг урьдчилан хэлсэн зохиолч дахин нэг гамшгийг зөгнөжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-27
2011 онд Японд болсон Тоохокүгийн их газар хөдлөлтийг урьдчилан таамагласан гэх Японы нэгэн комик номонд энэ оны долоодугаар сарын 5-нд тус улсад мөн томоохон гамшиг тохиох тухай өгүүлсэн нь олны анхаарал татаж байна. “Daily Gendai” сонины мэдээлснээр, Тацүки Рёгийн "Миний харсан ирээдүй" хэмээх ном 20 жилийн дараа буюу 2021 онд дахин хэвлэгдсэнээс хойш 800 мянга гаруй хувь борлогджээ. 1999 онд анх хэвлэгдсэн уг ном нь зохиолчийн 30 гаруй наснаасаа хойш зүүдэлсэн бүхнээрээ дүр бүтээн туурвисан зохиол юм. Зохиолд 2011 оны гуравдугаар сард их гамшиг болох тухай дурдсан бөгөөд яг тэр ёсоор 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы Хоншюү арлын зүүн эргийн далайн ёроолд газар хөдөлж их цүнами дэгдсэн бөгөөд Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. Мөн дэлхий даяар шинэ вирус дэгдэж, 2020 оны дөрөвдүгээр сард оргилдоо хүрээд аажмаар устаж үгүй болно гэж зүүдэлснээ өгүүлсэн нь COVID-19 цар тахлын үетэй давхацдаг. Харин ирэх долоодугаар сард тохиох гамшгийн талаар уг номонд мөн тухайлан дурджээ. Зохиолд "Сүүлийн үед би байнга нэгэн зүйлийг зүүдэлж байна. Гамшиг 2025 оны долоодугаар сард болно. Би сансар огторгуйгаас дэлхий рүү харж байна. Үүнийг “Google Earth”-ээр дэлхийн газрын зургийг харж байна гэж тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу. Гэнэт Филиппиний тэнгист далайн ёроол дэлбэрлээ. Далайн гадаргуу дээр үүссэн асар том давалгаа бүх чиглэлд тархаж, Номхон далайг тойрсон орнуудад цүнами дэгдэв. Энэ цүнами 2011 оны газар хөдлөлтийн үеийн давалгаанаас гурав дахин хүчтэй юм. Үүний улмаас Тайвань, Хонконг, Филиппин улсууд хоорондоо газар нутгаараа холбогдсон мэт харагдлаа” хэмээн өгүүлсэн байна. Энэ тухай Японы хэвлэлүүд бичихдээ “Их газар хөдлөлтийг зөв таамагласан Тацүкигийн шинэ зөгнөл ихээхэн шуугиан үүсгэж, зарим хүн энэ таамагт итгэн Хоккайдо зэрэг газар руу нүүх бэлтгэл хийж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.