АНУ: Түймэрт орон гэрээ алдсан залуу хос байшингийнхаа нурангин дээр сүй тавив
Анд нөхдийн мэдээ
2025-01-28
АНУ-ын Лос Анжелес хотод гарсан түймэрт орон гэрээ алдсан хос Брайан МакШэй, Стефани Рэйнор нар шатсан байшингийнхаа нурангин дээр сүй тавьсан байна. Брайан түймэр гарахаас өмнө найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар бөгж худалдаж аваад байсан аж. Тэрбээр бөгжөө ширээнийхээ шургуулганд хийн хадгалж, төлөвлөсөн сайн өдөр ирэхэд хайртай бүсгүйдээ бөгжөө зүүж өгөхөөр бэлтгэж байтал түймэр гарч гэр нь шатжээ. Брайан бөгжөө ч авч чадалгүй хоёул арайхийн аюулаас мултарсан байна. Байшин нь шатаж дууссан хойно эргэж ирээд Брайан ширээ байсан газар үнс нурам малтан бөгжөө хайж эхэлсэн гэнэ. Сэтгэл зүрхээ зориулан байж авсан очир алмаазан бөгжөө нурман дундаас олно гэж бодоогүйгээ тэрбээр хэлжээ. Гэвч нэлээд удаан хайсны эцэст бөгжөө олов. Баярлаж хөөрсөн залуу тэр даруйдаа хөө тортог, үнс нурам болсон байшингийнхаа суурин дээр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, нурман дундаас гарч ирсэн бөгжөө зүүж өгчээ. Стефани бүсгүй найз залуугийнхаа энэ ер бусын саналыг сэтгэл догдлон хүлээж авсан байна. Түймэр унтарч сэргээн босголт өрнөхөд энэ байшингаа дахин барьж хамтдаа жаргалтай амьдарна хэмээн итгэж байгаагаа тэд сонины сурвалжлагчид ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.