Москвагийн өвөл сүүлийн 100 жил болж байгаагүй дулаан байна
Анд нөхдийн мэдээ
2025-01-28
ОХУ-ын нийслэл Москва хотын цаг агаар сүүлийн 111 жилд тохиож байгаагүйгээр дулаарч байгаа тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр Москвад өнөө өглөөний 5 цагт 3,3 хэм, 6 цагт 3,5 хэмийн дулаан байна. Өчигдөр тус хотын агаарын температур 3 хэм байсан нь 1914 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Өдрийн цагаар агаар 4-6 хэмд хүрч байгаа бөгөөд температур энэ сар дуустал тэг хэмээс доош буухгүй гэсэн таамаг гарчээ. Москва хот ид өвлийн цагаар ийнхүү дулаарсан нь Оросын уламжлалт баярын арга хэмжээг тасалдуулахад хүргэсэн байна. Нэгдүгээр сарын 19-ний өдөр тэмдэглэдэг Үнэн алдартны шашны баяраар оросууд мөстэй усанд орох ёслол үйлддэг. Есүс Христ Иордан голд орж усан баталгаа үйлдсэнийг бэлгэддэг энэ ёслолыг ерөнхийлөгч В.Путин жил бүр хийдэг уламжлалтай. Гэвч энэ жил Оросын зарим нутгийн эрх баригчид мөстэй усанд орох ёслолоос татгалзахыг уриалжээ. Учир нь гол, нуурын мөс нимгэн, сайн хөлдөөгүй байгаа тул цөмөрч болзошгүйг анхааруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.