БНСУ: Хоолны газраа үүр шөнөөр нээж, гал сөнөөгчдөд үнэгүй үйлчилжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-28
БНСУ-ын Кёнги аймгийн Өижонбү хотын аж үйлдвэрийн цогцолборт томоохон түймэр гарч, гурван үйлдвэрийн барилга бүрэн, таван барилга хэсэгчлэн шатжээ. Үйлдвэрийн орчинд хоолны газар ажиллуулдаг нэгэн хүн энэ үеэр, түймрийн голомтод ажиллаж байсан гал сөнөөгчдөд туслахаар үүр шөнөөр ресторанаа нээсэн төдийгүй тэдэнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна. “Шинжан” хоолны газрын эзэн, 66 настай Ким Ён Ван урд өдөр нь ажлаа тараад гэртээ ирсэн хойноо түймэр гарсан тухай мэдээ дуулаад ажил дээрээ яаравчлан эргэж очжээ. Түймрийн голомт хоолны газраас нэлээд хол байсан тул нөхцөл байдлыг хэсэг зуур ажиглаж байгаад, борви бохисхийлгүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд заавал туслах ёстой хэмээн бодсон тухайгаа тэрбээр сэтгүүлчид ярьсан байна. Ингээд хоолны газраа нээж ус буцалган кофе найруулж, бэлэн гоймон чанаад, гал сөнөөгчдийг урьжээ. Гал сөнөөгчид ч хоолны газар орж ирэн хоол, цай идэж уусан төдийгүй ээлжлэн амарч авсан байна. Тус цогцолборт 25 жил хоолны газар ажиллуулж буй Ким тэндэхийн үйлдвэрүүдийн олон зуун ажилчинд халуун хоолоор үйлчилсээр иржээ. Өижонбү хотын Гал түймэртэй тэмцэх газрын удирдлага Кимд талархал илэрхийлж “Хүнд нөхцөлд ажиллаж байсан манай гал сөнөөгчдөд маш том тус болж, хүч өглөө” гэжээ. Түймрийн улмаас аж үйлдвэрийн цогцолборт нэлээд хохирол учирсан ч хүний амь эрсдээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.