images

Энэтхэг, Хятад улс зорчигч тээврийн шууд нислэгээ сэргээв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-28


   Энэтхэг, Хятад хоёр улс сүүлийн таван жил тасалдаад байсан зорчигч тээврийн шууд нислэгээ сэргээж, виз олгох горимыг хялбарчлахаар тохиролцлоо. “The Times of India” сонины мэдээлснийг үзвэл, Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Викрам Мисри тэргүүтэй албан тушаалтнууд Бээжинд айлчилж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсанаар талууд ийм тохиролцоонд хүрсэн байна. Хятад улс Төвөдийн ӨЗО, Энэтхэгтэй хиллэдэг Ярлун Цанбо мөрний (Энэтхэгчүүд Брахмапутра гэдэг) доод урсгалд дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барих болсонтой холбогдуулан хоёр улс боловсон хүчний солилцоог идэвхжүүлж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр болжээ. Үүнээс гадна виз олгох журмыг хялбарчлах, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, хоёр улс хамтдаа хөгжих илүү бодитой арга замыг эрэлхийлэхээр тохиролцсон гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлэв. Улмаар “Хятад, Энэтхэгийн харилцаа сайжирч хөгжих нь хоёр орны язгуур ашиг сонирхолд бүрэн нийцэж байна" гэжээ. COVID-19 цар тахлын өмнө хоёр улс сар бүр харилцан 500 орчим шууд нислэг үйлддэг байв. Гэвч 2020 онд хилийн мөргөлдөөн гарснаас болж харилцаа эрс хүйтэрснээр зорчигч тээврийн шууд нислэг зогссон юм. Харин өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар уулзсаны дараа хоёр улс дипломат болон цэргийн салбарт хэд хэдэн хэлэлцээр байгуулснаар харилцаа хэвийн болж эхэлсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.