images

Аушвицийн хорих лагериас амьд үлдсэн 56 хүн Холокостыг дурсах арга хэмжээнд оролцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-28


   Дэлхийн II дайны үед еврейчүүдийг хоморголон хөнөөсөн нацистуудын их хядлага буюу Холокостоос амьд үлдсэн хүмүүс энэ хядлагад хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцов. Өнгөрсөн эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргах ёстойг тэд онцлоод өнөөдөр үзэн ядалт, өсөрхөл, өөрт таалагдаагүйг үл тэвчих үзэгдэл дэлхий даяар дахин тархаж байгаад санаа зовниж буйгаа иэрхийлсэн байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, Дэлхийн II дайны үеэр нацист Германы байгуулсан Аушвицийн хорих лагериас амьд гарсан 56 хүн ёслолд оролцсон байна. Тэдний нэг, эдүгээ 99 насыг зооглоод буй Леон Вайнтрауб Европт хэт барууны хөдөлгөөнүүд идэвхжиж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Дайны дараа Шведэд суурьшсан Польшийн иргэн тэрбээр ардчиллын эсрэг радикал барууны хөдөлгөөн улам хүчтэй болж, үзэн ядалт газар авч байгаа нь Шведэд хүртэл анзаарагдах болсныг дурджээ. Мөн эдүгээ 86 настай Това Фридман AP агентлагт өгсөн ярилцлагадаа, АНУ-д хүмүүс хоорондын үзэн ядалт газар авч байгаад зовниж байгаагаа илэрхийлэв. Таван настайдаа Аушвицэд хоригдоод, суллагдсаныхаа дараа АНУ-д суурьшсан тэрбээр “Дайны дараа еврейчүүдийн амь насны баталгаа болж байсан Америк орны аюулгүй орчин одоо нүдэн дээр сүйдэж байна” гээд, үүнийг даруй зогсоохгүй бол байдал улам дордож магадгүйг анхааруулсан байна.

   Олон улсын еврейчүүдийн байгууллага болох Дэлхийн еврейн нийгэмлэгийн (WJC)  ерөнхийлөгч Рональд Лаудер еврейн эсрэг үзэлтэй тэмцэхийн тулд дэлхийн удирдагчид хүчээ нэгтгэх ёстойг тэмдэглэв. 1945 оны нэгдүгээр сарын 27-нд АНУ, Их Британи болон Зөвлөлтийн арми хамтран Аушвицийн хорих лагерийг чөлөөлсөн өдрийг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2005 онд гаргаж, нэгдүгээр сарын 27-ны өдрийг Холокостыг дурсах олон улсын өдөр болгон зарласан юм. Аушвиц бол нацист Германы хорих лагериудын хамгийн зартай нь бөгөөд тэнд хоригдогсдын 1.1 сая нь еврейчүүд байжээ. Польшийн нийслэл Варшав хотод болсон дурсгалын арга хэмжээнд Германы канцлер Олаф Шольц, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Их Британийн хаан III Чарльз, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда нарын удирдагчид оролцсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.