БНСУ: Цагдаагийн мөрдөгчид хулгай хийсэн хэрэгтнийг хэрхэн баярлуулав?
Анд нөхдийн мэдээ
2025-01-29
БНСУ-ын Кёнги аймгийн Намянжү хотын нэгэн нарийн боовны дэлгүүрээс хүн талх хулгайлж зугтсан тухай мэдээлэл дүүргийн цагдаагийн газарт иржээ. Мэдээллийн дагуу цагдаа нар хяналтын камер шалгаж үзэхэд 70 орчим насны эрэгтэй хүн энэ хэргийг үйлдсэн байв. Улмаар түүний хэн болохыг тогтоож оршин суугаа хаягийн дагуу очиход бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүй тул үргэлжлүүлэн шалгаж, түүнийг өвлийн хүйтэнд гүүрэн доор нийлэг эдээр оромж босгон түр хоргодож байгааг тогтоожээ. Хэрэгтнийг саатуулан шалгаж үзэхэд тэрбээр түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас байрнаасаа хөөгдөж, өлсөхийн эрхэнд талх хулгайлснаа хүлээсэн байна. Хэргийг шалгасан мөрдөгчид уг хүнд шийтгэл оногдуулахын оронд амьжиргааг нь тэтгэн туслах шаардлагатай гэж үзэн арга хайж эхэлжээ. Улмаар орон нутгийн засаг захиргааныхантай уулзаж, орон гэргүй өндөр настанд холбогдох журмын дагуу байр орон, хоол хүнсний тусламж, мөн амьжиргааны зардал олгуулаад зогсохгүй амралтын өдрөөрөө иргэдийг уриалж хандив тусламжийн аян өрнүүлэв. Мөрдөгчдийн тусламжтайгаар иргэн А өдгөө хотын захиргаанаас олгосон түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд албаны хүмүүс түүнд мөн насанд нь тохирсон ажлын байр бий болгож өгсөн байна. А өмнө нь өлсөхийн эрхэнд хүнсний дэлгүүрээс удаа дараа хулгай хийж байснаа хүлээгээд, хэрэгтнийг шийтгэх үүрэгтэй цагдаагийн мөрдөгчид өөрт нь ийнхүү халуун сэтгэлээр хандсанд туйлаас баярлаж буйгаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.