Луврын музейг шинэчилнэ
Анд нөхдийн мэдээ
2025-01-29
Дэлхийд хамгийн олон хүн зорьж очин үздэг Луврын музейг шинэчлэх төлөвлөгөөг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнөөдөр танилцууллаа. Музейг шинэчлэх ажил 10 жил үргэлжлэх бөгөөд үзэгчид оруулах хаалга шинээр барихаас гадна “Мона Лиза”-д зориулж тусгай өрөө гаргах юм байна. “Louvre Nouvelle Renaissance” хэмээх энэ төслийн зорилго нь музейг орчин үеийн стандартад нийцүүлж, хамгаалалтыг нь сайжруулах явдал аж. Учир нь, музейн тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа дууссан, орчны дулааны хэлбэлзэл үзмэрүүдэд нөлөөлөх эрсдэл бий болсноос гадна хүмүүс олноор бөөгнөрөхөд зай талбай хүрэлцдэггүй болжээ. Луврын музейг өнгөрсөн онд есөн сая хүн үзсэн бол цар тахлын өмнө жилд дунджаар 10 сая хүн үзэж байв. Харин музейн барилгыг шинэчилснээр жилд 12 сая хүн хүлээн авдаг болох аж. Бүтээн байгуулалтын төсвийг 800 сая евро гэж тооцоолсон байна. Э.Макрон энэ талаар хэлэхдээ “Музейг шинэчлэх төсөл, түүнд холбогдох бүтээн байгуулалтын хөрөнгө музейн өөрийн нөөц, тасалбар борлуулалтын орлого, ивээн тэтгэгчдийн тусламж, Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэлд байдаг "Louvre Abu Dhabi" музейн лицензийн орлогоос бүрдэх бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг ашиглахгүй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.