Селена Гомэс уйлсан бичлэгээ яагаад устгав?
Анд нөхдийн мэдээ
2025-01-29
Цагаач гэр бүлээс гаралтай Америкийн жүжигчин, дуучин Селена Гомэс Дональд Трампын засаг захиргаанаас явуулж буй хууль бус цагаачдын эсрэг бодлогыг шүүмжлэн нулимс дуслуулсан бичлэгээ цахим сүлжээнд байршуулсан ч хуучинсаг үзэлтнүүдийн хатуу шүүмжлэлээс болж удалгүй устгасан байна. Тэрбээр цагаачдын эсрэг явуулж буй хүнлэг бус үйлдэлд бухимдаж буйгаа илэрхийлэн "Миний ард түмэн, тэдний үр хүүхдүүд дайралтад өртөж байна. Үүнийг би ойлгохгүй байна. Энэ балмад үйлдлийн эсрэг ямар нэгэн зүйл хиймээр байна” гэсэн юм. Бичлэг нийтлэгдэхийн өмнөх өдөр буюу зөвхөн ганцхан өдрийн дотор АНУ даяар 956 хууль бус цагаачийг баривчилсан билээ. С.Гомэсийн өвөө, эмээ нь Мексикээс АНУ-д цагаачилж ирсэн хүмүүс юм. Дуучин энэ тухай өмнө нь хэвлэлд ярьж байсан бөгөөд өвөө, эмээ хоёрыгоо ачааны машинд нуугдан сууж хил давж ирээд Америкийн иргэн болсон гэжээ. С.Гомэс 2017 онд АНУ дахь цагаач айлуудын амьдралыг харуулсан "Living Undocumented" киног бүтээхэд гар бие оролцож, цагаачдын асуудалд анхаарал хандуулсаар ирсэн байна. Зөвхөн "Инстаграм"-д 422 сая дагагчтай С.Гомэсийн нийтэлсэн бичлэг АНУ-д маш хурдан тархахын зэрэгцээ хуучинсаг үзэлтнүүдийн эсэргүүцсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн юм. Тухайлбал, АНУ-ын консерватив улс төрийн бүлэглэлийг үүсгэн байгуулагч Чарли Кирк “Америкчууд яагаад С.Гомэсийн хамаатнууд болох хууль бус цагаачдыг ивээх ёстой юм?” гэсэн бол консерватив тоймч Томи Ларен "Бид Диснэйн бяцхан оддоос улс төрийн зөвлөгөө авах шаардлагагүй” гэх зэргээр өдөөн хатгаж доромжилсон утга бүхий шүүмжлэл хэлжээ. Мөн цагаачлалын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд яваа Д.Трампын засаг захиргааны нөлөө бүхий хүн болох Том Хоман “Fox News”-т өгсөн ярилцлагадаа С.Гомэсийн бичлэгийг дурдаж "Хилээр саадгүй орж ирж буй хууль бус цагаачдаас болж олон зуун мянган америк хүн үхэж байна. Тэдний төлөө энэ хүн яагаад уйлахгүй байна?” гэжээ. Түүгээр үл барам Бүгд найрамдах намын улс төрч Сэмуэль Паркер олон нийтийн сүлжээгээр С.Гомэсийн өвөө, эмээг хууль бус цагаачид гэж нэрлээд "Шаардлагатай гэвэл С.Гомэсийг ч мөн албадан гаргахыг үгүйсгэх аргагүй” гэжээ. Үүний дараа дуучин бүсгүй бичлэгээ устгаад "Хүмүүсийн төлөө зовнисон сэтгэлээ илэрхийлсэн минь тэдэнд таалагдаагүй бололтой” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.