images

CNN-ийн хөтлөгч Жим Акоста юуны учир ажлаасаа гарав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-29


   АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг байнга шүүмжилсээр ирсэн CNN сувгийн хөтлөгч Жим Акоста хөтөлбөрийнх нь цагийг шөнийн хуваарьт шилжүүлэх шаардлагыг эсэргүүцэн ажлаасаа гарч буйгаа мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн 28-ны өдөр өглөөний 10:00 цагийн мэдээгээ хөтөлж дуусгаад 18 жилийн дараа CNN-ээс явж буйгаа зарлах үедээ “Кубын дүрвэгчийн хүү миний CNN-д байх үеийн хамгийн сайхан мөчүүдийн нэг бол 2016 онд Кубын дарангуйлагч Рауль Кастротой ярилцлага хийж, улс төрийн хоригдлуудын талаар асуулт асуусан явдал байсан" хэмээн дурсаад “Дарангуйлагчийн өмнө бөхийх муугүй байсан” гэжээ. Улмаар "Эрх мэдлийн оргилд байгаа хүмүүст хариуцлага тооцох нь сэтгүүл зүйн ажил гэдэгт би үргэлж итгэдэг. CNN-д байхдаа би үүнийг хийх гэж оролддог байсан ба цаашид ч ийм маягаар ажиллах болно. Худал хуурмаг зүйлд хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн байна. “New York Times” сонины мэдээлснээр, Ж.Акоста CNN-тэй байгуулсан гэрээ дуусахад нэг жил орчим хугацаа үлдээд байжээ. Түүнийг ажлаасаа гарч байгаатай холбогдуулан CNN мэдэгдэл гаргахдаа, Ж.Акостаг ажиллах хугацаандаа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад бүхнээ зориулж ирснийг дурдаад, "Бид түүнд чин сэтгэлээсээ талархаж, цаашдын ажилд нь хамгийн сайн сайхныг хүсэж байна" гэжээ. Харин түүнийг ажлаа өгч байгаа тухай мэдээнд ерөнхийлөгч Д.Трамп "Сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн харгис, шударга бус сэтгүүлчдийн нэг" хэмээн цахим сүлжээгээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн 16-ны өдөр CNN-ийн гүйцэтгэх захирал Марк Томпсон мэдээний хөтөлбөрийг нь хамгийн бага үзэлттэй шөнийн цагт шилжүүлэхийг хүссэн тул Ж.Акоста энэ шаардлагыг эсэргүүцэн ажлаа өгөх болсон тухай  “New York Times”  онцолсон байна. CNN-ийн Цагаан ордны сурвалжлагч асан Ж.Акоста ерөнхийлөгч Д.Трампыг анхлан төрийн тэргүүн болсон цагаас хойш үргэлж шүүмжилж, зөрчилдөж ирсэн юм. Ялангуяа хэвлэлийн бага хурал дээр Д.Трамп түүний асуултыг үл тоомсорлох, элдвээр хэлэх зэргээр таагүй ханддагаа нуудаггүй байв. Түүгээр үл барам 2018 оны арваннэгдүгээр сард Цагаан ордонд сурвалжлага хийх эрхийг түдгэлзүүлж байлаа. Үүний дараа CNN шүүхэд хандан сурвалжлагчийнхаа эрхийг сэргээж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.