images

Хятад: Сансрын станцаас Хаврын баярын мэндчилгээ хүлээн авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-30


   Дэлхийн тойрог замаас 400 км-ын алсад байгаа Хятадын “Tiangong” сансрын станцад ажиллаж буй “Shenzhou-19” хөлгийн нисгэгчид болох Цай Сюже, Сүн Линдун, Ван Хаозэ нар нутаг нэгтнүүддээ зориулан битүүний өдөр Хаврын баярын мэндчилгээ илгээсэн байна. Тэд хөх өнгийн хослолоор жигдэрч, “Амжилт хүсье” гэсэн бичигтэй улаан өнгийн цаасан хайчилбар барьжээ. Хөлгийн багийн ахлагч Цай Сюже “Энэ мөчид гэр бүл, найз нөхдөө юунаас ч илүү санаж байна. Та бүхэнд могой жилдээ азтай, аз жаргалтай, амжилт дүүрэн байхыг хүсье” гэжээ. Тэрбээр өмнө нь “Shenzhou 14” хөлгийн бүрэлдэхүүнд багтсан ч анх удаагаа сансарт Цагаан сар тэмдэглэж байгаа аж. Харин Сүн Линдун “Сансарт гарах мөрөөдлөө биелүүлж, энэ аугаа эринд амьдарч байгаа би их азтай хүн юм” гэсэн бол Ван Хаозэ “Та бүхний санасан бүхэн шинэ онд биелэх болтугай” гэсэн байна. Тэд бол 1990-ээд оноос хойш төрсөн залуу үеийн сансрын нисгэгчид аж. Сонирхуулахад, Ван Хаозэ нь сансарт ниссэн Хятадын гурав дахь эмэгтэй нисгэгч юм. Сансрын нисгэгчид битүүний өдөр банш, шарсан тахиа, утсан загас, үхрийн мах, шанцай идсэн бол Хаврын баярын өдөр улаан лооль, өндөгтэй шөл зэрэг гурван төрлийн шөл, жүржийн шүүс ууж, чихэр иджээ. Ийнхүү хятадууд гурав дахь жилдээ сансрын станцаас баярын мэндчилгээ хүлээн авлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.