Хятад: Сар шинийн баяраар роботууд үндэсний бүжиг бүжиглэжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-31
Хятадын сар шинийн баярт зориулсан гала шоуны арга хэмжээнд хүн дүрст роботууд бүжиглэж, тоглолтыг CCTV шууд дамжуулав. Баярын үеэр дамжуулсан 50 орчим нэвтрүүлэг дундаас хамгийн анхаарал татсан нь 16 хүн дүрст робот, 16 бүжигчин оролцсон энэхүү шоу тоглолт байсан бөгөөд үндэсний хувцас өмссөн роботууд болон бүжигчид Хойд Хятадын уламжлалт “Нуянгэ” бүжиг бүжиглэжээ. Тэр дундаа роботууд алчуур шидэх, барьж аваад цааш дамжуулах зэрэг хүнд хэцүү үзүүлбэрүүдийг чадварлаг сайн гүйцэтгэсэн нь үзэгчдийг ихэд хөгжөөж байв. “Red Sorghum” киногаараа алдартай найруулагч Жан Имоугийн найруулсан энэхүү үзүүлбэрт Хятадын “Unitree Robotics” компанийн бүтээсэн H1 хүн дүрст роботууд оролцсон бөгөөд тэд тоглолтод бэлдэхийн тулд хиймэл оюун ухаанд суурилсан гурван сарын сургалтанд хамрагдсан байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүс "Хятадын хүн дүрст роботын хөгжил маш хурдтай байна" гэж дүгнэжээ. Мөн түүнээс гадна тус улсын сар шинийн баярын түүхэнд анх удаа Америкийн “OneRepublic” рок хамтлаг оролцож, "Counting Stars" дуугаа дуулсан байна. Өмнөх жилүүдээс ялгаатай нь Тайвань, Хонгконг, Макаогийн жүжигчдийн улсын харьяаллыг тусгайлан танилцуулаагүй нь Хятадын засгийн газрын улс төрийн бодлоготой холбоотой юм. Энэ талаар Хятадын хэвлэлүүд “Бид бүгдээрээ хятад хүмүүс учраас ялгах шаардлагагүй” гэжээ. CCTV-ээр жил бүр шууд дамжуулдаг энэхүү тоглолт нь 1983 онд анх цацагдаж эхэлснээс хойш сар шинийн баярыг илтгэх соёлын арга хэмжээ болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.