“Air Busan”: Зорчигчийн зөөврийн батарейнаас болж гал гарсан бол хариуцлага тооцох боломжгүй
Анд нөхдийн мэдээ
2025-01-31
Өнгөрсөн 28-ны өдөр Өмнөд Солонгосын Кимхэ нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн онгоцонд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. “Yonhap News” агентлагийн мэдээлснээр, ослын үеэр онгоцны зүүн хойд сууж хэсэгт сууж явсан нэгэн зорчигч "Суудлын дээрх тээш хадгалах тавиураас ямар нэгэн чимээ гарч, удалгүй утаа савсаж эхэлсэн” гэжээ. Мөн “Air Busan” компанийн онгоцны үйлчлэгчид ч бас гар тээш хадгалдаг тавиураас эхэлж гал гарсан болохыг нотолж байна. Тиймээс зорчигчдын авчирсан ачаа тээш, тухайлбал зөөврийн туслах батарей болон бусад электрон төхөөрөмжөөс гал гарсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарган шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. Гэвч галын шалтгаан нь зөөврийн батарей, электрон төхөөрөмж зэрэг гар тээштэй холбоотой нь тогтоогдсон байсан ч зорчигчид хариуцлага хүлээлгэх боломжгүй гэнэ. Энэ талаар цагдаагийн ажилтан хэлэхдээ "Онгоцонд авч орохыг хориглосон эд зүйлсийн жагсаалт байдаг. Гэхдээ зөвшөөрөгдсөн зөөврийн батарей, электрон төхөөрөмж зэргээс болж гал гарсан тохиолдолд зорчигчид хариуцлага хүлээлгэх боломжгүй. Яагаад гэвэл тэд журам зөрчөөгүй шүү дээ” гэжээ. Харин онгоцны цахилгаан хэрэгсэлд гэмтэл гарсны улмаас гал гарсан бол агаарын тээврийн компани хариуцлага хүлээнэ. Нисэхийн аюултай ачаа тээвэрлэх журмын дагуу 2 гр ба түүнээс бага литийн агууламжтай, 100 Вт цаг ба түүнээс бага хүчин чадалтай батарейг онгоцны бүхээгт нэг хүн 5 хүртэл ширхэгийг авч явахыг зөвшөөрсөн байдаг ажээ. Мөн зөөврийн компьютер, таблет, электрон тамхи зэрэг төхөөрөмжүүдийг онгоцонд авч явахыг зөвшөөрдөг. Болсон явдлын талаар эргэн сануулахад, өнгөрсөн 28-ны өдрийн 22:15 цагийн орчимд Хонгконг руу нисэх байсан “Air Busan” компанийн онгоц Кимхэ нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр бэлтгэж байх үед онгоцны дотор гал гарч, 176 зорчигч болон багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.