ХАМАС бүлэглэлийн удирдагчид амь үрэгдсэн нь үнэн болохыг баталжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-31
Өнгөрсөн жил Израилийн агаарын дайралтад өртөн амь үрэгдсэн гэж мэдээлж байсан ХАМАС бүлэглэлийн удирдагч Мохаммед Дейфийг алагдсан нь үнэн болохыг Аль-Кассам бригадын хэвлэлийн төлөөлөгч батлав. Тэрбээр "Бид агуу дайчин, баатарлаг командлагчдаа алагдсаныг ард иргэддээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Түүнээс гадна Мохаммед Дейфийн орлогч Марван Исса бас алагдсан болохыг мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 13-ны өдөр "Газын зурвасын Бин Ладен" гэгдэх Мухаммед Дейфийг хөнөөсөн тухай Израилийн Батлан хамгаалахын сайд мэдээлж байсан юм. М.Дейф 1965 онд Газын зурвас дахь дүрвэгсдийн хуаранд төрсөн бөгөөд 1987 онд ХАМАС бүлэглэлд элсэж, 2002 онд жинхэнэ удирдагч болоод 20 гаруй жилийн турш Израилийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж ирсэн аж. Түүний жинхэнэ нэрийг Мухаммед аль-Масри гэдэг бөгөөд Дейф хэмээх нууц нэр нь “зочин” гэсэн утгатай араб үг ажээ. Тэрбээр байнга нууц байдалд байж, видео бичлэг дээр маск зүүж нүүр царайгаа нуудаг байсан бөгөөд түүний цөөн хэдэн гэрэл зураг сонинд нийтлэгдсэн байдаг. Түүнийг устгах хэд хэдэн удаагийн оролдлогоос амжилттай зугатаж чадсан байдаг тул "Долоон голтой муур" хэмээн хочилдог байжээ. Түүнийг ХАМАС-ын армийн хамгийн шилдэг стратегич, тархай бутархай бүлгүүдийг нэтгэж хэдэн арван мянган цэрэгтэй хүчирхэг байлдааны хүчин болгон хувиргасан гавьяатай нэгэн гэдэг. 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Израиль руу хийсэн гэнэтийн дайралтыг тэрбээр биечлэн удирдсан ажээ. Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг энэ хэргээр баривчлах тушаал гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.