images

Билл Гэйтсийн төлсөн татвар 14 тэрбум доллар болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   Энэ оны аравдугаар сард 70 нас хүрч буй Билл Гэйтс бага наснаас өнөөг хүртэлх амьдралаа өгүүлсэн “Source Code: My Beginnings” нэртэй дурсамжийн ном бичжээ. Тэрбээр технологийн ирээдүй, цаг уурын өөрчлөлт зэрэг сэдвээр ном бичиж байсан ч хувийн намтраа ном болгож буй нь анхных юм. Маргааш хэвлэлтээс гарах энэ номынхоо тухай Б.Гэйтс хэлэхдээ “Вакцин, хиймэл оюун ухаан, хоол тэжээл, эрчим хүч гээд ирээдүйд хүлээх зүйл маш их байгаа болохоор би өнгөрсөн амьдралаа ярих дургүй. Гэвч энэ жил би 70 нас хүрнэ. Бас “Microsoft” компани үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, түүнчлэн “Билл Гэйтс” сангийн 25 жилийн ой тохиож байгаа тул өнгөрснөө нэг удаа эргэн харж дүгнэе гэж бодсон” гэжээ. Тэрбээр эдийн засгийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 107 тэрбум долларын хөрөнгөөр 16 дугаарт бичигдэж байна. 1987 онд 31 настайдаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж, 1995-2010, 2013-2017 онд дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан Б.Гэйтс “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн мэдээллийн сүлжээ бий болсноор хүн төрөлхтөнд урьчилан таамаглаагүй өдий төдий хор хохирол учирч байна. Технологийн дэвшил нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, улс төрийн хуваагдлыг түргэсгэнэ гэдгийг бид огт таамаглаж байсангүй. Мөн манай компанийн асар их хөрөнгө оруулж бүтээсэн хиймэл оюуныг (AI) буруугаар ашиглах вий гэхээс болгоомжилж байна” гэжээ. Дурсамж номдоо тэрбээр бага насаа дурсахдаа "Номын сан, эсвэл өрөөндөө орж түгжээд гарч ирдэггүй хүүхэд байсан" гэжээ. Мөн хоол идэх, хичээлд явах цагийг эс тооцвол олон хоногоор өрөөндөө бүгээд ном уншиж, сонирхдог зүйлсээ оролдож суудаг байсан тухайгаа, түүний гол хөдөлгөгч хүч ээж нь байсан талаар, улмаар Харвардад суралцсан оюутан насныхаа амьдралыг бичсэн байна. Б.Гэйтсийн өнөөг хүртэл төлсөн татварын хэмжээ 14 тэрбум долларт хүрчээ. 2000 онд түүний байгуулсан “Билл Гэйтс” сан өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд халдварт саа, хумхаа, ДОХ-той тэмцэхэд 59 тэрбум доллар зарцуулаад байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.