Монгол хүүхдүүдийн сурлагын амжилтыг олон улсын үнэлгээгээр үнэлнэ
Чихэнд чимэгтэй
2025-02-03
Манай улс боловсролын олон улсын PISA үнэлгээнд хоёр дахь жилдээ хамрагдахаар бэлтгэж байгааг Боловсролын яамнаас мэдээллээ. Монгол улс хамгийн анх 2022 онд энэ үнэлгээгээр сурагчдынхаа амжилтыг үнэлүүлэхдээ дэлхийн 81 орноос 47 дугаарт, анх удаа хамрагдсан зургаан орноос нэгдүгээрт жагсаж байв. Дэлхийн 90 гаруй орон хамрагддаг энэ үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас /OECD/ 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж иржээ. Улмаар шинжлэх ухаан, математик, эх хэлний сурлагын амжилт, унших, бичих, сонсох чадвар зэрэг эзэмшсэн чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо ямар байгааг тогтоодог олон улсын томоохон үнэлгээний нэг болсон байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн 15 настай сурагчдыг голчлон хамруулдаг бөгөөд энэ удаагийн үнэлгээний туршилтыг өнгөрсөн оны 4-5 дугаар сард хийж, 32 сургуулийн 2513 сурагчид даалгавар өгч, асуулга бөглүүлжээ. Мөн эцэг эх, багш, сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг хамруулсан байна. Харин ирэх сараас эхлэн тавдугаар сар хүртэл үргэлжлэх үндсэн судалгаанд 190 орчим сургууль, 7500 орчим сурагч түүврээр сонгогдоно. Дашрамд дурдахад, анхны үнэлгээгээр монгол сурагчдын амьдралын сэтгэл ханамжийн байдал нь олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.