images

NBA-ийн түүхэн дэх хамгийн сонирхолтой солилцоо өчигдөр ил болов уу?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн солилцооны цонх энэ сарын 6-нд хаагдах бөгөөд өчигдөр “Dallas Mavericks” баг өөрийн тэргүүн тоглогч Лука Дончичийг “Los Angeles Lakers”-ийн Энтони Дэвистэй сольж буйгаа зарласан нь мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнцөд дуулиан дэгдээлээ. Тэдний хамт Dallas Mavericks” багаас Макси Клебер, Маркиф Моррис, “Los Angeles Lakers” багийн Макс Кристи нар мөн солигджээ. 25 настай Л.Дончич эрээн булчин нь гэмтсэний улмаас улирлын тоглолтоос завсарлага аваад байгаа бөгөөд түүнийг Бүх оддын тоглолт эхлэхээс өмнө ирнэ хэмээн таамаглаж байгаа юм. Солилцоо хийх шийдвэр гарсны дараа “Dallas Mavericks” багийн шүтэн бишрэгчид тус багт долоон жил тоглож багийн бэлгэ тэмдэг болсон словени тамирчин Л.Дончичийг "алдаж" буйдаа харамсаж буйгаа илэрхийлсээр байна. Харин “Los Angeles Lakers” багийн шүтэн бишрэгчид солилцоог баяртай хүлээн авчээ. Л.Дончич "Dallas Mavericks” багийн 422 тоглолтод оролцож авсан оноогоороо тус багийн түүхэнд зургаадугаарт, гурван онооны шидэлтээрээ хоёрдугаарт орж буй. Мөн 77 дугаартай өмсгөл нь энэ улиралд борлуулалтаараа наймдугаарт орсон юм. Тэрбээр "Dallas Mavericks” багт байхдаа Хойд Техасын тусламжийн байгууллагуудад их хэмжээний мөнгөн хандив өгдөг байв. Л.Дончич өнөөдөр цахим хаягаараа шүтэн бишрэгчдэдээ үдэлтийн үг дамжуулж талархлаа илэрхийлснээс гадна "Сагсан бөмбөг миний хувьд бүх зүйл минь учраас аль ч багт тоглосон ялгаагүй. Яг л адилхан аварга болохын төлөө зорьж, баяр хөөр, хүсэл тэмүүлэлтэй тоглоно" гэжээ. Ийнхүү “Dallas Mavericks” баг өнөө цагийн хамгийн үнэ цэнтэй, нүүр тахалдаг тоглогчоо арилжсан нь энэ лигийн түүхэн дэх хамгийн дуулиантай солилцооны нэг боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.