Африкийн орнуудын төрийн далбааны өнгө юуг илэрхийлдэг вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-02-03
Африк тивийн баруун захын Сенегал, Камерун, зүүн талын Этиоп, өмнөд дэх Зимбабвэ, Мозамбик зэрэг 20 гаруй улсын төрийн далбаа ихэнхдээ ногоон, шар, улаан гурван өнгө хосолсон байдаг. Пан-Африкийн гэгддэг өнгө Африкийн орнуудын бэлгэдэл болоход Этиоп улс ихээхэн нөлөөлжээ. 3000 гаруй жилийн түүхтэй Этиоп улс 1936-1941 онд Италид эзлэгдэж байснаас өөрөөр Европын орны нөлөөнд орж байгаагүй аж. Иймээс Африк тивийн бусад орон тусгаар тогтнолоо олон зуун жил хадгалж, хамгаалж ирсэн Этиоп улсыг үлгэр дуурайлал болгон ижил өнгөт далбаа хэрэглэх болсон байна. Нөгөө талаар Пан-Африкийн өнгөний түүх XIX зууны сүүл үеэс эхэлдэг. Этиопын эзэнт гүрэн 1896 онд өөрт нь халдан довтолсон италичуудын эсрэг тэмцэж ялалт байгуулсан бөгөөд дараа жил нь эзэн хаан II Менелик тэгш өнцөгт хэлбэртэй, улаан, шар, ногоон өнгөтэй далбааг албан ёсных болгон баталжээ. Ногоон өнгө нь элбэг дэлбэг, үржил шимтэй газар нутгийг, шар нь шашны эрх чөлөө, амар амгаланг, улаан өнгө нь дарангуйллыг эсэргүүцсэн баатруудын цусны өнгийг илэрхийлдэг байна. Улмаар Дэлхийн II дайны дараа эдгээр гурван өнгийг Африкийн бусад орнууд бэлгэдэл болгон хэрэглэж эхэлжээ. 1957 оны гуравдугаар сард Гана улс тусгаар тогтнолоо зарлахдаа улсынхаа далбааны өнгөөр ногоон, шар, улаан өнгийг сонгов. Гана улсын араас Гвиней, Мали, Камерун, Того зэрэг олон улс тусгаар тогтнолоо олж авсны дараа мөн энэ гурван өнгийг далбаандаа мөнхөлсөн байна. Харин 55 гишүүн оронтой Африкийн холбооны (AU) сүлдэнд, тивээ чөлөөлөхийн төлөөх тэмцлийн баатруудын урсгасан цусыг бэлгэдсэн долоон улаан дугуйтай тэмдэглэгээ байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.