images

“Шинэ үе” сургуулийн сурагчдын судалгаа Зүүн Азийн шилдэг бүтээлээр шалгарав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-04


   Дэлхийн 160 орны Кэмбрижийн хөтөлбөртэй 10 мянган сургуулийн дунд жил бүр болдог "Cambridge Science Competition" уралдаанд "Шинэ үе" сургуулийн Д.Чинзориг багштай зургаан сурагч "10-17 насны өсвөр үеийн сурагчдын уушгины хөгжилд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны бүтээлээрээ оролцжээ. Улмаар "Алтан" үнэлгээ авсан 151 сургуулийн 308 бүтээлийн нэг болсон төдийгүй Зүүн Азийн бүсийн "Шилдэг бүтээл" шагналыг авсан байна. Уралдаан 14-16 насны сурагчдын дунд өнгөрсөн оны 5-11 дүгээр сард болж дүн нь өнгөрөгч сарын эцсээр гарсан нь энэ бөгөөд "Best in World 2024" буюу "Дэлхийн шилдэг" шагналыг Тайландын "Англо Сингапур" олон улсын сургуулийн сурагчид авчээ. Тэд агаарын чийгшлийн конденсацийн систем хөгжүүлэх судалгаа хийсэн аж. Судалгаагаар хөргөх шахуурга ашиглан агаар дахь чийгээс ус гарган авсан бөгөөд ингэж цуглуулсан усыг шинжилж үзэхэд эрдэс давсны агууламж болон хүчил, шүлтийн орчин нь нэрмэл устай ойролцоо гарснаар агаараас ус цуглуулаад ундны усанд ашиглах боломжтойг нотолсон байна. Мөн инженерингийн судалгааны шилдгээр Энэтхэг, тогтвортой байдлын судалгааны төрөлд Бангладеш, Ази, Номхон далайн бүсийн шилдгээр Индонез, Өмнөд Азийн шилдгээр Энэтхэгийн сургуулийн сурагчид шалгарав. Сонирхуулахад, Д.Чинзориг багшийн удирдсан баг өмнө жил "Улаанбаатар хотын Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлсэн нь" сэдэвт судалгаагаар "Best in the World 2023" шагналыг Монгол улсаас анх удаа хүртсэн билээ.

Гэрэл зургийг багш Д.Чинзоригийн цахим хуудаснаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.