Сирийн түр ерөнхийлөгч шинэлэг бодлого баримталж байна
Анд нөхдийн мэдээ
2025-02-04
Сирид парламентын сонгууль явуулахад таван жил шаардлагатай гэж тус улсын түр ерөнхийлөгч Ахмед аль-Шараа мэдэгджээ. Телевизэд өгсөн ярилцлагадаа тэрбээр сонгууль явуулахын тулд юуны түрүүнд улс орны дэд бүтцийг сэргээн босгох хэрэгтэйг онцлон дурдаад "Миний тооцоогоор, сонгууль хийхэд бэлэн болтол бидэнд 4-5 жил шаардагдана" гэжээ. Улмаар “Сири улс парламент, гүйцэтгэх засаглалтай бүгд найрамдах улс болно. Мөн улс төрийн намуудыг зохицуулах хууль гаргана” гэж амласан байна. Ахмед аль-Шараа нь исламын зэвсэгт “Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийг толгойлж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасан бөгөөд тус улсад 13 жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоосон юм. Өнгөрсөн сарын 29-ний өдөр Түр засгийн газраас түр ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр эмэгтэйчүүдийг хижаб өмсөхийг албадахгүй хэмээн мэдэгдэж, мөн эмэгтэйчүүдийг өндөр албан тушаалд томилох зэрэг нааштай бодлого явуулж байгааг Барууныхан сайшаан хүлээж авч байна. Анхны гадаад айлчлалаараа Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай уулзсан Ахмед аль-Шараа өнөөдөр Туркт айлчилж ерөнхийлөгч Р.Эрдогантай дээд хэмжээний уулзалт хийнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.