images

Асашёорюү Д.Дагвадорж найз Б.Дашнямынхаа дэвжээний шинэ байрны нээлтэд оролцжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-02-05


   Японы мэргэжлийн сүмогийн Такасаго дэвжээ өнгөрсөн ням гарагт шинэ байрандаа нүүн орж нээлтээ хийжээ. Токио хотын Сүмида тусгай дүүрэгт байдаг тус дэвжээ уг дүүрэгтээ шинээр бариулсан гурван давхар байшинд нүүн орсон бөгөөд нээлтэд Такасаго дэвжээний ахлагч, мэргэжлийн сүмод 2000-2017 онд барилдан сэкивакэ цолд хүрч байсан Асасэкирюү Б.Дашням, Японы мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү, Асашёорюү Д.Дагвадорж нар оролцсон байна. Шинэ ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн мөн нээлтэд ирж хүндэтгэл үзүүлэн дэвжээний ёслол үйлджээ.

   Монгол улсын харцага Л.Бадарчийн хүү Дашням 1997 онд найз Д.Дагвадоржийн хамтаар Японд ирж, Коочи мужийн Коочи хот дахь сүмогийн сургалттай "Мэйтокү” ахлах сургуульд элсэж орсон түүхтэй. Сургуулиа 2000 онд дүүргээд тэд Такасаго дэвжээнд мөн хамт элсэн их сүмод хөл тавьсан юм. 2003 оны гуравдугаар сард макүүчи буюу дээд зиндаанд дэвшсэн Асасэкирюү мэргэжлийн сүмод нийт 1402 удаа барилдсан бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард Японы иргэн болоод, дараа сард нь зодог тайлсан билээ. Улмаар 2020 оноос төрөлх Такасаго дэвжээндээ ояката буюу ахлах багшаар ажиллах болсон юм.

   1873 онд анх байгуулагдсан Такасаго дэвжээ Асашёорюүг оролцуулаад түүхэндээ долоон ёкозүна, есөн озэки цолтон төрүүлсэн бөгөөд тэдний нэг нь сүмогийн дээрээсээ хоёр дахь энэ цолд хүрсэн анхны гадаадын бөх, Хавай арлын уугуул, “махан бөмбөг” хэмээх Конишики байв. Өдгөө мэргэжлийн сүмогийн дyнд, доод зиндаанд энэ дэвжээнээс таван бөх барилдаж байна.  

Гэрэл зургийн эх сурвалж: japantoday.com   

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.