images

Сальвадор улс Америкийн хоригдлуудыг хүлээн авч шорондоо хорьж "өгнө"

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-05


   АНУ-ын шинэ засаг захиргаа цагаачлалын эсрэг бодлого явуулж байгаатай холбогдуулан Сальвадор улс Америкийн гэмт хэрэгтнүүд болон хууль бус цагаачдыг хорьж цагдах үүрэг хүлээхээр болжээ. Сальвадорт айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улсын ерөнхийлөгч Наиб Букелетэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Сальвадор улс манай оронтой найрамдалт харилцааны тэмдэг болгож дэлхийн хаана ч байгаагүй онцгой хэлэлцээр хийсэн" гэжээ. Түүний хэлснээр АНУ-ын хуулиар ял эдлэн хоригдож байгаа хоригдлууд болон хууль бус цагаачид, АНУ-аас албадан гаргасан хүмүүсийг  тус улс хүлээн авч шорондоо хорихоор болсон байна. Өөрөөр хэлбэл шоронгийн аутсорсинг үйлчилгээ хийнэ гэсэн үг юм. Үүний хариуд АНУ тус улсад багагүй мөнгө төлнө. Гэхдээ шийдвэр эцэслэн батлагдаагүй байгаа бөгөөд хэлэлцээрийн нарийн ширийн мэдээллийг удахгүй хүргэнэ гэдгээ талууд мэдэгджээ. Ерөнхийлөгч Н.Букеле 2020 онд албан тушаалаа авсныхаа дараа гэмт хэргийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдэн шоронгийн хүчин чадлаас давсан хүмүүсийг баривчлан саатуулж байсан юм. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд АНУ-ын латин үндэстний хамгийн том байгууллага болох “Латинчуудын холбоо”-ны ерөнхийлөгч Роман Паломарес “Цагаачдыг мал мэт үзэж, тэднийг хаанаас ирснээс үл хамааран нэг улс руу шилжүүлэхийг эсэргүүцэж байна” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.