images

Дональд Трамп: Газын зурвасыг Ойрх Дорнодын диваажин болгоно

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-02-05


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Вашингтонд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсан нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Д.Трамп Газын зурвасыг АНУ мэдэлдээ авч эдийн засгийн хөгжлийн талбар болгох бодолтой байгаагаа мэдэгджээ. “Газын зурваст буй дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгож, одоо байгаа барилга байшин, нурангийг газартай тэгшилнэ. Ингээд оронд нь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг нь хангаж, мянга мянган ажлын байр бий болгон бүс нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. Улмаар эндхийн оршин суугчдыг Ойрх Дорнодын орнууд тухайлбал Египет, Иордан руу нүүхийг уриалжээ. “Газад юу байгаа гэж хоргодох юм бэ? Балгаснаас өөр юм одоо энд байхгүй” хэмээн түүний хэлснийг CNN агентлаг уламжилсан байна. Түүний хэлснээр АНУ Газын зурвасыг удаан хугацаагаар эзэмших сонирхолтой байгаа бөгөөд ингэснээр Ойрх Дорнодод байнгын тогтвортой байдал бий болно хэмээн үзэж байгаа ажээ. “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” хэмээн түүний хэлсэн энэ байр суурийг Б.Нетаньяху “Анхаарч үзүүштэй санал” гэсэн байна. Олон улсын зарим хэвлэл Д.Трампын мэдэгдлийг тайлбарлахдаа "Д.Трамп Газын зурвасыг Ойрх Дорнодын диваажин болгохоо амлалаа" хэмээн гарчиглажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.