images

Холливүүдийн алдартай хөгжмийн зохиолч Саудын Арабын төрийн дууллыг өөрчилнө

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-02-06


   Саудын Араб улс Германы хөгжмийн зохиолч, Холливүүдийн олон алдартай киноны хөгжмийг бичиж нэрд гарсан Ханс Циммэрээр төрийн дууллынхаа аяыг шинээр бичүүлэхээр хэлэлцэж байгаа тухай “Al Arabiya” сонин мэдээлэв. Саудын Арабын энтертэйнмэнт салбарын хөгжил хариуцсан төрийн байгууллага GEA-ийн тэргүүн Тарк Алалшик тус сонинд өгсөн ярилцлагадаа “Төрийн дууллын шинэ найруулга болон бусад олон сонирхолтой төсөлд бид хамтран ажиллахаар санал солилцлоо” хэмээн хэлжээ. Эдгээр төслийн хүрээнд Саудын Арабын онцлог бүхий “Arabia” нэртэй мюзикл тавих, нийслэл Рияд хотод томоохон хэмжээний концерт тоглох, Саудын Арабд бүтээж буй “The Battle of Yarmuk” киноны хөгжмийг бичих аж. Тус улсын төрийн дууллыг анх 1947 онд хаан Абдулазиз Египетийн хөгжмийн зохиолч Абдал Рахманд захиалан зохиолгож байсан нь өнөөг хүртэлх хугацаанд төдийлөн өөрчлөгдөөгүй юм. Өдгөө 67 настай Х.Циммэр “The Lion King”, “Gladiator”, “The Last Samurai”, ”Pirates of the Caribbean”, “The Dark Knight”, “Interstellar” зэрэг олон алдартай киноны хөгжмийг бичсэн бөгөөд “Оскар”-ын шагналыг хоёр удаа, “Грэмми”-ийн шагналыг таван удаа хүртсэн билээ. “Ярилцсан асуудлуудаар эцсийн тохиролцоонд бид ойрын үед хүрнэ” хэмээн GEA-ийн тэргүүн “X” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Зураг дээр: Ханс Циммэр, Тарк Алалшик  нар. Эх сурвалж: alarabiya.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.