Япон: 50 насандаа Токиогийн их сургуульд орж суралцсан эмэгтэй хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөв?
Анд нөхдийн мэдээ
2025-02-06
Япон улсын иргэн, хоёр хүүгийн ээж, эдүгээ 63 настай Маюми Ясүмаса 2012 оны хавар 50 настайдаа тус улсын хамгийн нэр хүндтэй сургууль болох Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэж, улмаар сургуулиа амжилттай дүүргэсэн байна. Тэрбээр өсвөр насандаа, мөрөөдөл болсон Токиогийн их сургуульд орохыг зорьсон ч элсэлтийн шалгалтад тэнцээгүй аж. Ингээд мөрөөдлөө орхин гэр бүл зохиож, гэрийн эзэгтэй болсон хойноо дамжаанд багшилж байгаад дунд сургуулийн сурагчдын хоцрогдол арилгах сургалт эрхлэх болжээ. Энэ үед хоёр дахь хүү нь ахлах сургууль төгсөөд их сургуулийн уралдаант шалгалтад орсон ч тэнцсэнгүй. М.Ясүмаса хүүгээ их сургуулийн шалгалтад дахин бэлтгэх явцдаа, олон жилийн өмнө орхисон мөрөөдлөө санаж, шалгалтад орж үзэхээр шийдэн шаргуу бэлтгэж эхэлсэн байна. Ингээд хүүтэйгээ хоёул элсэлтийн шалгалт өгөхөд хүү нь Васэда их сургууль, өөрөө Токиогийн их сургуульд тэнцжээ. Улмаар сургуульдаа орж идэвхийлэн суралцсаар шилдэг оюутны тоонд орж, мөн оюутан солилцоогоор Францад очиж суралцсан гэнэ. Түүгээр үл барам, амжилттай суралцсан туршлага дээрээ үндэслэн “Эгэл жирийн гэрийн эзэгтэй 50 насандаа Токиогийн их сургуульд элсэн суралцсан түүх” нэртэй ном бичиж хэвлүүлсэн байна. Эдүгээ М.Ясүмаса их сургуулийн уралдаант шалгалтад бэлтгэх хувийн дамжаа ажиллуулж байгаа аж. Тэрбээр шалгалтад бэлтгэж буй хүүхдүүдэд “Хэрэв чи зөв сонголт хийж амжилтанд хүрсэн бол тун сайн хэрэг. Харин бүтэлгүйтсэн бол энэ чинь муу зүйл ерөөсөө биш. Боломж чамайг ямагт хүлээж байдаг” гэж эрхэмлэн захидаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.