Ордос: Отогийн өмнөд хошууныхны дийлэнх нь волейбол тоглодог болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-07
Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошууны иргэд хонио бэлчээрт гаргаад волейболоор хичээлэдэг болсон тухай “China Daily” сонин мэдээлжээ. Волейболын сургалтыг 46 настай малчин Алтансан ахалдаг байна. Тэрбээр “Энэ бол өргөн уудам хээр талын малчид хоорондоо нөхөрлөх, эрүүл амьдрах хамгийн зөв зам” хэмээн ярьжээ. 8000 гаруй хүн амтай Отогийн өмнөд хошууныхны 5000 гаруй нь өдөр бүр волейболоор идэвхтэй хичээллэж байгаа аж. Аньс тосгоны малчин Хөгжилт 2018 онд гэрийнхээ гадаа волейболын тор татсан нь Алтансанг энэ спортоор хичээллэхэд нөлөөлжээ. Тэдний нөлөөгөөр тосгоныхон нэгнийдээ цуглаж багт хуваагдан өрсөлдөх болжээ. Хөгжилт 2020 онд волейболын заал барьж өөрөө дасгалжуулагч, багийн ахлагч болсноос гадна холбоо байгуулсан байна. Энэ тухай тэрбээр “Заалтай болсноор хошууны волейболчид манайд ирдэг болсон. Малчид зөвхөн волейбол тоглохын тулд 100 км явж ирдэг” гэжээ. Малчид орой бүр 3-4 цаг волейбол тоглоход найман юань буюу 4000 орчим төгрөг төлдөг байна. Улмаар тэд тэмцээн зохион байгуулаад зогсохгүй монгол дуу, бүжгийн тоглолт хийж, дээл хувцсаа өмсөн ирж гар урлал, хоол цай хийн үзэгчид, жуулчдыг татах болжээ. Отогийн өмнөд хошууныхан волейболоор хичээллэх болсон нь ийнхүү эдийн засагт нь эергээр нөлөөлж байгаа тухай иргэн Уянга “Жуулчдад өглөөний цайгаар үйлчилж, гар урлалын бүтээгдэхүүн худалдсанаар өрхийн орлого өссөн” гэсэн бол Түмэнжаргал “Волейбол хөгжилтэй, эрүүл амьдралын хэв маягийнхаа хувьд бидэнд нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн талаар хөгжил авчирлаа” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.